Авлигын эсрэг бизнесменүүд нэгдлээ
Авлига, хүнд суртлын эсрэг хамтран ажиллах санамж бичигт Авлигатай тэмцэх газрын дарга Б.Дангаасүрэн, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Л.Нямсамбуу нар өнөөдөр гарын үсэг зурав.
Гурван жилийн хугацаатай байгуулсан энэхүү гэрээнд заасан ёсоор бизнесийн үйл ажиллагаанд тулгардаг хүндрэлийг авлигын бус замаар шийдвэрлэх, бизнестэй холбогдсон авлигын асуудлаар мэдээллийн сан байгуулах, авлигад өртсөн бизнес эрхлэгч болон хуулийн этгээдийн талаар нэгдсэн бүртгэл бий болгох зэрэг нэлээд олон ажлыг хийх юм. Ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос авлига, хүнд сурталтай холбоотой мэдээ, мэдээллийг Авлигатай тэмцэх газарт өгөх, авлигын хор аюулыг олон нийтэд сурталчлах зэргээр талууд хамтын ажиллагааны чиглэлээ тогтоожээ.
Санамж бичигт гарын үсэг зурах үеэр Авлигатай тэмцэх газрын дарга Б.Дангаасүрэн ирэх оныг Хүнд суртлын эсрэг жил болгон зарлахаар төлөвлөж байгаагаа хэлээд төрийн байгууллагуудын ил тод үйл ажиллагааны хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлуудаасаа танилцууллаа. Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Л.Нямсамбуу бизнесийнхэн төрийн байгууллагаар үйлчлүүлэхэд ихээхэн хүнд суртал, дарамт чирэгдэлтэй тулгардаг, энэ бэрхшээлийг Авлигатай тэмцэх газрын хамтын оролцоотойгоор таслан зогсооно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.