БНХАУ-ын Авлигаас урьдчилан сэргийлэх газрын төлөөлөгчид манай улсад ажлын айлчлал хийж байна /2010.7.5/
Монгол Улсын Авлигатай тэмцэх газар байгуулагдсан цагаасаа хойш олон улсын хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, авлигатай тэмцэх талаар бусад улс орны туршлагаас судалж, хамтран ажиллахад анхаарч ирсэн. Энэ зорилт, үйл ажиллагааныхаа хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны туслалцаа дэмжлэгтэйгээр БНХАУ-ын Авлигаас урьдчилан сэргийлэх үндэсний газартай 2008 оноос ажлын холбоо тогтоон ажиллаж байна.
Хамтын ажиллагааг улам хөгжүүлэн, бэхжүүлэх зорилгын хүрээнд АТГ-ын дарга, тэргүүн комиссар Ч.Сангарагчаа тэргүүтэй манай байгууллагын төлөөлөгчид БНХАУ-ын Хяналт шалгалтын сайд, Авлигаас урьдчилан сэргийлэх үндэсний газрын дарга, хатагтай Ма Вэний урилгаар 2009 оны 7 дугаар сарын 20-25-ны өдрүүдэд БНХАУ-д айлчлахад тэргүүн комиссар Ч.Сангарагчаа “Авлигатай тэмцэхэд олон улсын хамтын ажиллагааг чухалчлан үзэж, бусад орны туршлагыг судалдаг бөгөөд авлигатай тэмцэх үйл ажиллагаанд төр засаг хэрхэн хандаж байгаа нь маш чухал асуудал юм” гэдгийг онцлон тэмдэглэж байсан билээ. Энэ үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Төрийн зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Ма Кай “БНХАУ төрийн бодлогоо улс орны эдийн засгийг хөгжүүлэх, авлигатай тэмцэх гэсэн үндсэн хоёр асуудалд хандуулж байгаа ба авлигатай амжилттай тэмцэх асуудлыг улс орныхоо оршин тогтнохын үндэстэй адилтган авч үздэг” болохоо танилцуулсан.
Түүнчлэн, тэргүүн комиссар Ч.Сангарагчаа БНХАУ-ын хяналт шалгалтын сайд, Авлигаас урьдчилан сэргийлэх үндэсний газрын дарга хатагтай Ма Мэнтэй уулзаж ажлын хэлэлцээ хийж, хоёр байгууллагын хоорондын хамтын ажиллагааны бичиг баримтын төслийг гардуулан, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, хамтарч ажиллахаар болсон билээ.
Дээрх ажлын үр дүн өнөөдөр биеллээ олж, 2010 оны долдугаар сарын 5-8-ны өдрүүдэд БНХАУ-ын Сахилга батын хорооны гишүүн, Хянан шалгах яамны дэд сайд, Авлигаас урьдчилан сэргийлэх газрын дэд дарга ноён Цюй Ваньсян нь айлчлалын бүрэлдэхүүний хамтаар Монгол Улсын Авлигатай тэмцэх газарт ажлын айлчлал хийж байна. Айлчлалын үеэр хоёр байгууллагын хооронд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах харилцан ойлголцлолын санамж бичигт гарын үсэг зурах юм.
Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар хоёр байгууллагын хооронд НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн хүрээнд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр харилцан мэдээлэл солилцох, техникийн туслалцаа харилцан үзүүлэх албан ёсны илүү өргөн боломж бололцоо бий болно.
БНХАУ-ын хяналт шалгалтын яам нь төвдөө 1000 гаруй албан хаагчтай ба 30 орчим албан хаагчид авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах ажлыг дагнан хариуцаж ажилладаг юм байна. Муж хотуудад ажиллаж буй 300 000 албан хаагчдын хүчээр улсын хэмжээнд авлига, хүнд сурталтай тэмцэх, төрийн албыг цэгц шудрага байдлыг бэхжүүлэх ажил арга хэмжээг эрчимтэй зохион байгуулдаг.
Дашрамд дурьдахад, Авлигатай тэмцэх газрын гадаад харилцааг хөгжүүлэх үйл ажиллагаа нь Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалд бүрэн нийцэж түүний хүрээнд явагддаг. Тус үзэл баримтлалд “ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол улсын гадаад харилцааны эн тэргүүний зорилт” хэмээн заасан байдаг.