Гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгав
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 9 дүгээр сарын 12-16-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 19 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 100 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 69 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 745 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 721 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт нийт 3 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулж, мөрдөгчийн 3 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагуудад хүргүүлэв.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:
- Өвөрхангай аймгийн Өмчийн харилцааны газрын худалдан авах ажиллагааны газрын дарга “Д” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тендерт орж байгаа компаниудаас тендерт ялалт байгуулахад дэмжлэг үзүүлнэ гэж төрсөн эгчийнхээ дансаар мөнгө авдаг гэх;
- “Т” нь Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан, 2018 оны 10 сарын 12-ны өдрөөс 2020 оны 08 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэж мөнгө угаасан гэх;
- Нийслэлийн түргэн тусламжийн төвийн удирдлага, эмч нар болон Шуурхай удирдлагын төвийн нийт 14 албан тушаалтан гэртээ нас барсан, өвчний онош тодорхой буюу цагдаагийн байгууллагад шалгуулах шаардлагагүй гэж үзсэн үйлчлүүлэгчийн гэрийн хаягийг буяны компанид өгч, шарилыг хувийн компаниудаар зөөлгөхөд хууль бус давуу байдал олгож энэхүү үйлдэлдээ 100 сая төгрөгийн хахууль авсан гэх;
- “Г” нь Нийслэлийн Байгаль орчны газрын Захиргааны хэлтэст байгаль хамгаалагчаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан гэх;
- Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргын Тамгын газар, Орхон бүсийн ойн ангийн эрх бүхий албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн орчимд ойгоос огтлолт хийх тусгай зөвшөөрөлгүй мэргэжлийн бус байгууллагад мод бэлтгэх зөвшөөрөл олгож, давуу байдал үүсгэсэн гэх;
- Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газрын албан тушаалтнууд нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх.