Jan 25, 2023         4

ОДОО Л БИД АТГ-ЫН ЗҮГ ӨӨР НҮДЭЭР ХАРАХ ЦАГ

iaac

Сэтгүүлч Б.ГАНЧИМЭГ

Би гэж хүн Туркийн Истанбул хотод бусдын л адил эмнэлэг домнолго хөөцөлдөн ирээд хэд хонож буй. Эмнэлгээр дүүрэн монголчууд гэх нь хаашаа юм. Гэхдээ л олон арван монголчууд өвчин зовлонгийн эрхээр наашаа зорьцгоох болжээ. Энэ нь эдний анагаах ухаан сүүлийн үед хүчээ аван эрчтэй хөгжиж буйгаас, мөн эмчилгээний зардал сүүлийн хорины турш манайхны олноороо очин эмчлүүлж байгаа Солонгосоос арай хямд гэх хоёрхон шалтгаанаас үүдэлтэй. Гэхдээ би энэ удаа эрүүл мэндийн сэдвээр бичих гэсэнгүй. Уг сэдвээр уншигчиддаа дараа мэдээлэл өгч болох биз ээ. 

Энд ирээд монголчуудтайгаа боломжоороо уулзаж байна. Монгол хүн байна даа, мэнд усаа мэдэлцэж, хол ойрын сонин хачин хөөрөлдөх юм. Хачирхалтай нь уулзсан хүн бүр “монголд минь юу болоод байна вэ, яахаараа бүх шатанд хулгай нүүрлэчихээ вэ” гэх асуултаар яриагаа эхэлж байх юм. Мөн хачин аа... Өмнө нь хэзээ ч ийм байдалтай нүүр тулж байсангүй. “Хулгай” гэх энэ сэдвийг бид ингэтэл хаа сайгүй ярьж, хана туурга нэвт хэлэлцэж байл уу. 

Хачиргүй үнэнийг хэлэхэд хаа сайгүй ярьж байгаа юм байнаа. Бодоод үзэхээр ярихгүй байхын ч аргагүй юм. 

*** 

Чингээд би энд олон жил ажиллаж амьдарч байгаа, энд их сургууль төгссөн нэгэн хуурай дүүтэй цаг гарган ярилцав аа. 

За, хэзээ эх орондоо очих гэж байна даа ?

Ойрын арван жилдээ очоод хэрэггүй шүү дээ. 

Яагаад тэр вэ?

Юм жаахан урагшлаг л дээ. 

Тэнд бусад нь зүтгэг. Тэгээд сайхан болохоор нь очноо гэж байгаа юм шиг таагүй сонсогдож байна шүү. 

Тийм биш ээ. Бид ч энд амьдралын төлөө, үр хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө зүтгэцгээж байна. 

Тийм ээ, ойлгож байна. Түрүүн чи юм жаахан урагшлаг л дээ гэж хэллээ. Урагшилж байна гэж харж байна уу?

Тэгэлгүй яах юм. Хэзээ манайд ийм том донсолгоонууд болж байсан юм. Хэзээ эдийн засгийн ийм том хэргүүд илэрч байсан юм. Хэн ийм түвшний улс төр бизнесийн бүлэглэл дамнасан гэмт хэргүүдийг сэт татаж тэмцэж чадсан юм. Энэ бол юм сайн тал руугаа явж байгаагийн хамгийн том илрэл шүү дээ. 

Том “дайн” нь ч том “дайн” шүү. 

Би эртээр нэг тоон үзүүлэлт олж хараад бодож байлаа. 2007-2017 оны хооронд жилдээ авилгын 2 - 4 гэмт хэрэг л шүүхээр шийдэгддэг байсан байгаа юм. Та судлаад үзээрэй. Үнэхээр үнэн шүү. Гэтэл 2017 оноос хойш энэ чиглэл рүү онцгой анхаарал хаясан. Зөвхөн 2017 онд л авлигын 66 гэмт хэрэг шүүхээр шийдэгдсэн байна билээ. Энэ үзүүлэлт манай болж бүтэхгүй байгаа маш олон юмны гол гогцоог харуулна. Турк улс шүүхийн байгууллагаа юу гэж нэрлэдэгийг та мэдэх үү. Энд шүүх гэж нэрлэдэггүй юм шүү дээ. “Шударга ёсны ордон” гэж нэрлэдэг. Шударга ёсны ордноос шударга бус шийдвэр гарах ёсгүй гэж тэд хэлдэг. Үнэхээр ч тийм байдаг. Гэтэл манайд яаж байна вэ. АТГ-ын илрүүлсэн хэргүүд Шүүх дээр очоод яагаад өөр хувь заяаг олоод явчихдаг вэ. Ингэхэд АТГ-ыг татан буулгая гэж орилдог хүмүүс их болжээ. Та анзаарав уу. 

Харьж ирэх замдаа дүүгийн ярьсан өнгө өнгийн зүйлсийг бодож явав. Нээрээ Шүүх гэдэг байгууллага дээр л бүх юм замхардаг, нэг мэдэхэд холион бантан болсоор хаашаа ч юм чимээгүй уусан алга болдог. Ялангуяа авилгын хэргүүд. 

Манай улс авлигын эсрэг хуультай болоод 28 жил, Авилгатай тэмцэх тусгай чиг үүргийн байгууллагатай болоод 16 дахь жил рүүгээ өнгийгөөд явж байна. 

Юун 28 жил вэ, 2006 онд Монгол Улсын Их Хурал Авлигын эсрэг хууль баталж, үүний дагуу Монгол Улсад анх удаа авлигатай тэмцэх тусгай байгууллага болох Авлигатай тэмцэх газар 2007 онд байгуулагдаа биз дээ гэж уншигч та амандаа сөргөн хэлж байгаа байх. Таны хэлж буй үнэн. Гэхдээ дээр өгүүлсэн 2007-2017 он хүртэлх хугацаанд шүүхээр 2–4 авлигын хэрэг л шийдэгддэг байсан баримт шиг, шууд утгаараа авилгын гэмт хэрэг дээр монголын шүүх 10 жил “унтсан” шиг, анх манай парламент 1996 онд Авлигын эсрэг хууль баталж байсан ч амь ортлоо мөн л 10 жилийг туулсан гэсэн үг. Ингэж явсаар 2006 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын Их Хурал Авлигын эсрэг хуулийг шинэчлэн баталж, 2006 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс даган мөрдөж эхлэсэн юм. Араас нь Монгол Улсад анх удаа авлигатай тэмцэх тусгай байгууллага болох Авлигатай тэмцэх газар байгуулагдаж, 2007 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхлэсэн. Тэр цагаас хойш 15 жил болжээ. АТГ-ын энэ 15 жилийн түүхийг хамгийн хүнд хэцүү гэмт хэрэгтэй тэмцсэн түүх гэхээсээ илүү дотоодынхоо улс төртэй учраа олох гэж зүдэрсэн он жилүүд гэхэд хилсдэхгүй биз. Учир нь авлига, албан тушаалын гэмт хэрэг нь өөрөө сэжигтнээс яллагдагч хүртэл маш бэрх орчноор бүчүүлж өрнөдөг. Энэ бараг л гол онцлог нь. Нэг талаас олон нийт орилолдон дайрч шууд л “ялтан” болгож намнадаг бол албан тушаалтан эрх мэдэлтнүүд шалгах чиг үүрэгтэй байгууллагыг шалчийтал дарамтлах гэж, бараг байгууллагыг “байхгүй болгох”-доо тулж тулалддаг. Харин ч манай улсын АТГ ганхахгүй бат зогсож иржээ. 

Авлигын томоохон гэмт хэргүүдийг илрүүлж, албан тушаалтнуудыг шалгаад эхлэнгүүт ямар уриалгуудыг ил далд явуулж эхэлдэг вэ. Энэ асуултад бараг л бүх хүн торохгүй хариулах байх. Манай эрх мэдэлтнүүд ичиж нэрэлхэх юмгүйгээр л “АТГ-ыг татан буулгая” гээд улаан цайм хашгирч эхэлдэг. Одоо ч тэгцгээж л байна. Үнэндээ улс төртэй бодлогоо нураалгахгүйн тулд “нүүж” байхад нь нийлж байна гэж харж байсан, хардаж байсан үе надад лав олон байжээ. Амаргүй, тал талаас шахуулсан хүнд үеүд энэ олон жилд бишгүй л тохиолдсон. Удирдаж ирсэн эрхмүүдтэй нь уулзаж ярилцаж л байлаа. Бүгд л энэ өвөрмөц байгууллагыг бэхжүүлэхийн төлөө, нийгэмд нь ойлгуулахын төлөө ажилласан.

Аливаа дуулиантай хэрэг явдлуудаар далимдуулан тус газрыг авлах гэж дайрахдаа шууд тараая гэхээс гадна “АТГ-ыг зөвхөн соён гэгээрүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэгтэй газар болгоё” гэж гоёор уриалахаас эхлээд төрөл бүрийн оролдлогууд явдаг байв. 

Ямар үед хулгайч нар ингэж бачимдан дайрдаг вэ. Тэгэхдээ хаашаа дайрдаг вэ гэдгийг сүүлийн жилд өрнөж буй авлигатай хийж буй “дайн”, хулгайтай тэмцэж байгаа тэмцэл бидэнд илүү тод томруун харуулж байна. Ингэж олж хартлаа, ойлготлоо харин бид маш их хугацаа алдчихаж. Одоо л бид АТГ-ын зүг өөр нүдээр харах ёстой цаг ирээд байна. Тэдний юу хийгээд байгааг, ямар ямар ажлуудын ард гарсныг, ямар бодитой үр дүн байгааг та ер нь сонирхож үзсэн үү. Үзээгүй бол би танд цөөхөн баримт ярьж өгье. 

***

АТГ-ын энэ үед хийгдэж буй ажлууд дотор анхаарал татсан нэг цоо шинэ төрөл орж ирсэн юм. Улс төр, эдийн засгийн гэмт хэргийн сэдвүүд дээр цөөн биш жил ажиллаж ирсэн сэтгүүлчийн хувьд үнэхээр манай авлигын гэмт хэрэгтэй тэмцсэн түүхэнд огт байгаагүй зүйл учраас цоо шинэ төрөл гэж би онцолж байгаа юм л даа. Мөнгө мөртэй. Хаанаас хулгайлаад, яаж хувиргаад, хаашаа оруулсныг мөрөөр нь мөшгөөд гаргаад л ирдэг. Энэ бол АТГ-ын үндсэн ажил нь. Үүн дотор ямар шинэ ажил хийгдэж байна вэ гэхээр хулгайлагдаад гадагшаа гарчихсан хөрөнгийг улсдаа буцаан авчрах ажлыг өнөөгийн АТГ хийж байна. Өмнө нь манай ямар ч хуулийн байгууллага ийм ажил хийж байгаагүй юм шүү. 

Asset recovery буюу хөрөнгө буцаах, хөрөнгө нөхөн сэргээх энэ ажиллагааг анх удаа манайд АТГ-ынхан хийж байгааг онцлохгүй байх аргагүй юм. Учир нь авлигын гэмт хэрэг бол хил дамнаж, зохион байгуулалттайгаар, асар өргөн хэлхээ холбоо бүхий сүлжээ үүсгэж, олон төрлийн хувиргалт хийгдэж, нарийн төлөвлөгдөж үйлдэгддэг гэмт хэрэг. Ийм төрлийн гэмт хэрэгтэй нэг улс дангаараа тэмцээд амжилтад хүрдэггүй. Олон улсын түвшинд, бусад улс орнуудын Авлигатай тэмцэх газруудтай эрх зүйн хүрээнд хамтарч ажиллаж, харилцан туслалцаа үзүүлж тэмцдэг ажил юм. Энэ тал дээр З.Дашдаваа яах аргагүй шинэ зам тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар гэхэд гадаадаас 12,2 сая ам долларын хөрөнгө татаж авчраад байгааг холбогдох хүмүүс мэдээлж байгаа юм. 

Өөр нэг зүйл, шүүхийн хэлэлцүүлгийн шатыг хүлээлгүйгээр мөрдөн байцаалтын шатанд авлигын гэмт хэргийн улмаас учирсан их наядаар тоологдох хэмжээний хөрөнгийг мөн АТГ нөхөн төлүүлж байна. Жишээ нь, 2021 онд гэхэд 96,2 тэрбум төгрөг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлсэн бол 2022 онд 2,3 их наяд төгрөг төлүүлжээ. Энэ бол бодит үр дүн юм. 

АТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас зөвхөн өнгөрсөн онд авлигын гэмт хэргийн улмаас улсад хэчнээн хэмжээний хохирол учирсан талаарх мэдээлэл авахад “Өнгөрсөн онд авлигын хэргийн улмаас улсад таван их наяд төгрөгийн хохирол учирсан” гэх баримтыг дурьдаж байв. Үүний 47 хувь буюу бараг тал хувийг нь мөрдөн байцаалтын шатанд улсад буцаан төлүүлээд байгаа юм байна. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлнэ гэж чухам юуг хэлээд байна вэ гэж зарим уншигч маань асууж байгаа байх.

Үүнийг зарим нь үл ойлгож, зарим нь албаар ч мушгин тайлбарлаж харагдах юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлнэ гэдэг бол хэрэг үйлдлийг хөдөлбөргүй тогтоож, улмаар сэжигтэн, яллагдагч гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохиролоо үл маргах журмаар өөрөө нөхөн төлөхийг зөвшөөрч байгаа явдал гэсэн үг. Энэ мөн л бодит үр дүн гэж би харж байна. Тэр тусмаа маш сайн арга зам гэж үзэж болно. Мөн мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлэхээс гадна “битүүмжлэн хамгаалах” гэх өөр нэг процесс бий. Энэ нь авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг битүүмжлэн хамгаалж, улсын орлого болгоход бэлэн болгосон хөрөнгө гэсэн үг. АТГ-аас 2021 онд 117 тэрбум төгрөгийн хөрөнгө битүүмжилсэн бол, 2022 онд 516 тэрбум төгрөгийн хөрөнгө битүүмжилжээ. Энэ нь манай Шүүх авлигын хэргүүдийг уламжлал ёсоороо царцаачихгүй бол 2023 онд хагас их наяд төгрөг улсад буцаагдахад бэлэн байгаа гэсэн үг. 

Үнэндээ энэ бол хоёр талтай, маш зовлонтой ойлголт. Авлигын гэмт хэргээр шүүхээр яллагдах хэргийн тоо өсч байгаа нь мэдээж муу. Нөгөө талаас бүгдийг нь шударгаар яллаж чадвал зөвхөн битүүмжлэн хамгаалах процессын үр дүнгээр л хагас их наяд төгрөг улсад эргэн орж ирнэ гэсэн үг. 

Нэгэнт улс оронд маань эрх мэдэлтнүүд, цагаан захтнуудын холбогдсон эдийн засгийн гэмт хэргүүд ийнхүү үзэгдлийн түвшинд оччихсон. Иргэд маань улсынхаа ирээдүйд итгэх итгэлээ алдахын ирмэгт тулж ирсэн ийм үед одоо энэ тэмцлээс ухрах зам байхгүй гэдгийг ойлгож, эхлүүлсэн тэмцлийг нь дуусгахын төлөө бид зогсох ёстой болжээ. 

Одоо л бид улс орныг маань хэрсэн энэ муухай авлигын гэмт хэрэгтэй, эх орноо тонон дээрэмдэгчидтэй тэмцэхгүй юм бол хэзээ тэмцэх юм. Энэ залуус л тэмцэхгүй юм бол, эд л шатахгүй юм бол өөр хэн гэж...хэмээн зангиран хэлсэн дүүгийнүг сонсогдоно. Тийм ээ, санал нэгдэж байна. Санал нэгдэхгүй байхын аргагүй цаг үе мөн байна. 

***

Авлигын улмаас учирсан хохирол яагаад ийм их дүнгээр хэмжигдэж байгаа юм бэ гэх энэ асуулт яг одоо танд орж ирж байгаа байх. Бүр илүү шулуухнаар АТГ байхад авлига яагаад буурахгүй байгаа юм гэх асуулт тавьмаар байгаа байх. Үүнд нэг л хариулт байна. АТГ байгаагүй бол ийм хэмжээний хохирлын дүнтэй авлигын гэмт хэргүүд илрэхгүй байх байсан байна шүү. Та сайн хар. Би ч бас дутуу л харж байсан. 

Тэгэхээр “АТГ-ыг татан буулгая, удирдлагыг нь солиод байя, хуулийг нь сулруулья” гэж тэс хөндлөн орилох тусам энэ чиглэлийн ажлын эрч л буурна. Энэ хэнд ашигтай вэ. 

Харин ч АТГ-ыг татан буулгах биш бүх аймгуудад салбартай болгож, орон тоог нь нэмэх хэрэгтэй юм биш үү. Жилдээ 2,3 их наядын хохирол барагдуулж байгаа энэ газрын ажлын үр дүнг ч илүү шударга тооцооллоор тооцож үзэх ёстой юм биш үү. Одоо л бид энэ байгууллагыг гаднаас нь “нүдэх”-ээс өөр нүдээр хармаар байна. Одоо...

Эцэст нь хэлэхэд авлигагүй болохын тулд бид юу хийх ёстой вэ. Авлигатай бүх нийтээрээ тэмцэх ёстой. Улс төрийн намуудынх нь санхүүжилт шилэн болох ёстой, сонгуульд нэр дэвшигчид санхүүжилтээ ил тод байлгах, Төрийн өмчит компаниудын засаглалыг сонгодог утгаар нь хийх гээд олон ажлуудыг цогцоор нь хийх ёстой. Ганцхан АТГ-ын нуруун дээр үүрүүлчихээд дуртай үедээ чулуугаар нүүлгээд сууж байж болохгүй нь ээ....

Энэ сэдвээр үргэлжлүүлж цөмөөрөө ярилцнаа. Надад захидал бичээрэй. 

Эх сурвалж: www.baabar.mn

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us