УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд хүргүүлсэн албан бичигийн талаар хэвлэлийнхэнд мэдээллээ /2010.07.28/
УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд АТГ-аас нууцын зэрэглэлтэй хүргүүлсэн албан бичгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид асууж, тодруулан, албан ёсны мэдээлэл өгөх хүсэлт тавьсны дагуу дараах мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдэд хүргүүллээ.
2010 оны долдугаар сарын 26-ны өдөр АТГ-аас УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд хүргүүлсэн албан бичигт,
1. АТГ-ын хууль ёсны үйл ажиллагааны эсрэг эрх мэдэл бүхий албан тушаалтнууд оролцож, зохион байгуулттайгаар хууль бус үйл ажиллагаа явуулсан тухай,
2. АТГ-ын удирдлагууд Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчин, гүйцэтгэх ажил явуулсан гэх хэргийг хянан, шалгаж байгаа прокурор, тагнуулын байгууллагын нэр бүхий албан тушаалтнуудын хууль зөрчсөн үйл ажиллагааны талаар,
3. Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, УЕПГ-ын Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Л.Болд нар ажил үүргийнхээ хүрээнд мэдсэн төрийн нууцад хамаарах мэдээллийг хэвлэлийн бага хурал хийлгэж задруулсан талаар тодорхой мэдээлэл байгаа бөгөөд уг мэдээллийг УИХ-ын дарга, УИХ-д хүргүүлж, хууль хяналтын байгууллагын эрх мэдэл бүхий албан тушаалтнуудын дээрх хууль бус үйл ажиллагааг анхааралдаа авахыг хүссэн юм.
Хуулийн хүрээнд үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байгааг хүндэтгэн үзэхийг АТГ хэвлэлийнхнээс хүслээ.