АВСТРАЛИ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ХАТАГТАЙ КЭЙТИ СМИТ АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАРТ ЗОЧЛОВ
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хатагтай Кэйти Смит, Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Дэйв Престон нарыг 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Авлигатай тэмцэх газарт хүлээн авч уулзав.
Уулзалтаар Тэргүүн комиссар З.Дашдаваа байгууллагын үйл ажиллагааг танилцуулж, Монгол Улсын авлигын эсрэг хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч гадаадын хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлд тус улсын Элчин сайдын яамтай хамтран ажиллах талаар зөвшилцөв. Элчин сайд Хатагтай Кэйти Смит Монгол Улсын авлигын эсрэг хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хүчин чармайлт, үр дүнг өндрөөр үнэлж авлигатай тэмцэх чиглэлд бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн байгаа талаар онцлов. Уулзалтын үр дүнд талууд нөхөрсөг хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлж Австрали Улсын Холбооны Цагдаагийн газартай хоёр талт хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллахаар тохиролцов.