Авлигатай тэмцэх газраас хэвлэлийн бага хурал хийв
Авлигатай тэмцэх газраас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, 2022 онд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар сэтгүүлчдэд мэдээллээ.
Хэвлэлийн бага хуралд тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн, Судалгаа шинжилгээний албаны дарга, эрхэлсэн комиссар Ц.Шинэбаяр, Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Б.Батбилэг, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Б.Баярсайхан, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн нар оролцов.
Авлигатай тэмцэх газар 2022 онд олон нийтийг хамарсан өдөрлөг арга хэмжээнд 1.1 сая орчим хүн хамруулж, 62 мянга гаруй хүнд авлигын эсрэг сургалтыг 340 удаа зохион байгуулж, 42 дүрэм журмыг хянаж, авлигын шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр 47 удаагийн зөвлөмж хүргүүлж, нийгмийн зорилтот бүлгүүдэд 4 төрлийн уралдаан, тэмцээн зарлан дүгнэж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор 11 сэдвээр хэлэлцүүлэг уулзалт хийсэн байна.
Бодлогын болон зорилтот судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Тухайлбал, Авлигын эрсдэлийн үнэлгээг БОАЖЯ, УБЕГ, “Монголын төмөр зам” ТӨХК, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус хийж, “Шударга байдлын үнэлгээ”-нд төрийн 78 байгууллагаас үйлчилгээ авсан 15160 оролцогчийг хамруулсан, “Хүүхдийн шударга байдлын судалгаа”-нд аймаг, нийслэлээс 9271 хүнийг оролцуулжээ.
Хяналт шалгалт, дүн шинжилгээний чиглэлээр 2022 онд 366 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгасан, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 662 гомдол мэдээллийг хянан шийдвэрлэсэн, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 14695 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн байна. Эдгээр нь өмнөх оноос цөм өссөн үзүүлэлт болж байгаа аж.
Авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах ажлыг улам эрчимжүүлснээр гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн шийдвэрлэлт болон эрүүгийн хэргийн шийдвэрлэлт, хохирол нөхөн төлүүлэх өмнөх онуудаас эрс өссөн байна. Тухайлбал гэмт хэргийн талаарх 1841 гомдол, мэдээллийг шийдвэрлэсэн нь өмнөх оноос 50 нэгжээр өсчээ. Түүнчлэн 1806 үйлдэлтэй, 1184 холбогдогчтой 1520 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нь өмнөх оноос 16.3 хувиар өссөн. Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн шийдвэрлэлт 52.2 хувьтай байна. 2021 онд 160 хэрэг шүүхээр шийдвэрлэгдэж байсан бол 2022 онд 188 хэрэг шүүхээр шийдвэрлэгджээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2021 онд 1.002.100.805.191 төгрөг байсан бол 2022 онд 5.024.895.829.317 төгрөг болсон бөгөөд Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах ажиллагааны явцад 2.374.934.309.243 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн байна. Энэ нь нийт учирсан хохирлын 47.3 хувийг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлсэн гэсэн үг юм. Түүнээс гадна 518.039.332.298 төгрөгийн эд хөрөнгө, бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалаад байна. Хахуулийн 18.874.521.566 төгрөгийн үнэ бүхий бэлэн мөнгө, эд хөрөнгийг хураан авчээ.
Гадаад улс орнуудаас нийт 12.2 сая ам.долларын өртөг бүхий хөрөнгийг буцаан авах үндэслэлийг тогтоож, шүүхийн шийдвэрээр улсын орлого болгосон талаар хэвлэлийн бага хурал дээр мэдээллээ.
Авлигатай тэмцэх газар нь авлигын эсрэг хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргээ 2022 онд үр дүнтэй хэрэгжүүлсэн гэж Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн хэлэв.
Тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Б.Батбилэг, сүүлийн үед олны анхаарал татаж байгаа “Нүүрсний” гэгдэх хэргийн мөрдөн шалгах ажлын явц байдлын талаарх мэдээллийг прокурорын байгууллагаас зөвшөөрсөн хэмжээнд сэтгүүлчдэд танилцууллаа. Түүний танилцуулсан мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв.