Jul 29, 2010         5

П.Чулуунбаатар: 46 хоног орон нутагт ажиллалаа /2010.07.29/

Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтнууд орон нутагт ажиллалаа. Орон нутагт хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийг хэрхэн хийж байгаад хяналт шалгалт хийх зорилгоор тэд томилолтоор ажиллаад ирсэн юм.

Хамгийн удаан хугацаагаар орон нутагт томилолтоор ажилласан Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтан П.Чулуунбаатартай хөдөөг зорьсон ажлынх нь талаар ийнхүү ярилцлаа.

-Танай хэлтсийн ажилтнууд энэ хавар, зуны турш орон нутагт ажиллалаа. Ямар ажил амжуулав?

-Тавдугаар сарын 24-өөс долдугаар сарын 10-ны өдрүүдэд манай хэлтсийн ажилтнууд Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл, Завхан, Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Говь-Сүмбэр, Дорноговь, Өмнөговь, Дундговь, Төв, Архангай, Өвөрхангай зэрэг аймгуудад томилолтоор ажиллалаа.

Аймаг, сумдын ЗДТГ, ИТХ-ын ажлын албаны хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулах арга хэмжээг авч ажилласан. Мөн хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт хариуцсан эрх бүхий албан тушаалтнууддаа мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт хийж, ажилд нь туслалцаа үзүүлэх зэргээр ажилласны зэрэгцээ хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагчдад сургалт, сурталчилгаа хийж, гарын авлага материал тараасан.

Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлттэй холбоотой гарч буй алдаа, зөрчлүүдийг засч, залруулах талаар аймаг бүр тодорхой хэмжээний ажил хийсэн байна. Үр дүн нь ч харагдаж байна. Энэ онд Ховд, Говь-Сүмбэр, Дорноговь, Увс аймгийн ЗДТГ, Увс аймгийн ИТХ-ын ажлын алба хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт, түүний хадгалалт, хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргагчдад сургалт сурталчилгаа хийсэн зэргээрээ бусад аймгаас илүү идэвхтэй, ахицтай ажилласан байна.

Харин зарим аймгуудын хувьд шаардлагын түвшинд хүрч ажиллаж чадсангүй. Баян-Өлгий, Говь-Сүмбэр, Говь-Алтай аймгийн ИТХ-ын ажлын албууд мэдүүлэг гаргавал зохих албан тушаалтнуудаас хөрөнгө, орлогын мэдүүлгийг нь бүрэн авч, манайд тайлан мэдээ ирүүлэхээс өөр дорвитой ажил хийгээгүй байна.

Хөрөнгө, орлогын мэдүүлгийг хууль, журамд нийцүүлэн бүрэн гүйцэд, засваргүй, товч тодорхой гаргуулан авах, үүний тулд мэдүүлэг гаргагчдад сургалт сурталчилгаа хийх, Авлигатай тэмцэх газраас гаргасан дүрэм, журам, зааврыг мэдүүлэг гаргагч нарт мэдээлэх, түүнийг сурталчлах талаар ажил хийгээгүй байлаа.

Аймаг, орон нутагт ажиллах явцдаа бид орон нутгийн салбар нэгжүүд болох сумдад хөрөнгө, орлогын мэдүүлэг хариуцсан эрх бүхий албан тушаалтнуудтай уулзаж, ажилд нь мэргэжил арга зүйн зөвлөгөө, туслалцаа өгч, сургалт хийсэн.

Цаашид гуравдугаар улиралд багтаан зарим аймаг, орон нутагт энэ чиглэлээр сургалт зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.

-Таны хувьд хамгийн удаан хугацаагаар орон нутагт томилолтоор ажилласан. Хэдэн аймагт ажилласан бэ, орон нутагт томилолтоор ажиллаж явахад ямар хүндрэл бэрхшээл тулгарч байна?

-Миний хувьд Хөвсгөл, Завхан, Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Говь-Сүмбэр, Дорноговь, Өмнөговь, Дундговь аймгуудад ажилласан.

Манай Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтнууд мөн орон нутагт ажилласан. Бид тус тусынхаа хариуцсан ажлын чиглэлээр нэг баг болж ажилласан юм. Нэг аймагт ажиллаад, тэр оройдоо, эсвэл маргааш нь дараагийн аймагруу гардаг. Хол замд машинаар явж байгаа болохоор замдаа төөрч будилах, машин эвдрэх, аймгуудад буудал олдохгүй машиндаа хонох гэх зэрэг бэрхшээл тохиолдохыг алийг тэр гэх вэ.

Аймгууд хоорондоо нэлээд алслагдсан байдаг болохоор бүтэн тойрч машинаар туулна гэдэг амаргүй. Баруун аймгуудад томилолтоор ажиллахдаа Улаанбаатараас өдөр гараад шөнөдөө Хөвсгөл орж хэдэн цаг нойр аваад, өглөө нь босч тэр аймагтаа ажиллачихаад, орой нь Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд зохион байгуулах өдөрлөгтөө бэлдээд явж байх жишээтэй. Орон нутагт томилолтоор ажиллахад амаргүй л байдаг. Тэглээ гээд бид шантардаггүй.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us