Apr 07, 2010         9

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүд АТГ-ын үйл ажиллагаатай танилцлаа /2010.04.07/

Хүний эрхийн дэд хорооны гишүүн Х.Тэмүүжин, Ж.Сүхбаатар, Ж.Энхбаяр нар дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Авлигатай тэмцэх газарт ирж, Авлигатай тэмцэх газрын удирдлагуудтай тодорхой асуудлуудаар санал солилцож, ярилцлага өрнүүллээ.

Уулзалтад Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн болон бусад хэлтэс, албадын дарга нар оролцсон.

Уулзалт ярилцлагын үеэр дээрх гишүүд УИХ-ын гишүүдийн авлигын эсрэг бүлэг байгуулах, нөгөөтэйгүүр авлигын эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа Авлигатай тэмцэх байгууллага УИХ-ын хоорондын уялдаа холбоог хангаж, улстөрчдийн хүсэл эрмэлзлэлээр Авлигатай тэмцэх байгууллагыг дэмжих ажлыг эхлүүлэхээр санаачилснаа хэлэхэд, Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа энэхүү санал, санаачилгыг бүх талаар дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Тэрээр “Манай байгууллагын байгуулагдсанаасаа хойш хүсэн хүлээж байсан их чухал асуудлыг залуу гишүүд хөндөж, санал санаачилга гаргажээ. Авлигын эсрэг хүсэл сонирхлоо бодитоор илэрхийлдэг бүлэг парламентад байх нь их чухал ажил болно гэж бодож байна” хэмээн тэмдэглэж байлаа.

Уулзалт ярилцлагын үеэр УИХ-ын гишүүд жил бүрийн дөрөвдүгээр сард албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэг гаргаж байгаа байдал, түүнд хийж байгаа үнэлгээ, дүгнэлт, хариуцлагын асуудлаар нээлттэй сонсголыг хамтарч зохион байгуулах ямар бололцоо байна гэдгийг тодруулсан.

Түүнчлэн, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Тодорхой бүлэглэл, улс төрчдийн зүгээс Авлигатай тэмцэх байгууллагыг дэмжих, дэмжихгүй хоёр хэсэг хандлага байх шиг харагддаг. Дөнгөж бойжиж байгаа энэ байгууллагыг боомилж байгаад унагаачих зорилго тухайлбал бидэнд байхгүй” гэдгээ илэрхийлж байсан бол УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Бидний хувьд Авлигатай тэмцэх газрын ажилд хөндлөнгөөс оролцох бус зөвхөн бодлогын талаас дэмжлэг үзүүлэх, өөрөөр хэлбэл улс төрчдийн авлигатай тэмцэх хүсэл зоригийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллана. Сүүлийн үед Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг саармагжуулах алхмуудыг хийж байгаа нь илт ажиглагдаж байна. Ард түмний төлөөлөгчийнхөө хувьд би үүнтэй санал нэгдэхгүй” гэсэн.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Авлигатай тэмцэх үйл ажиллагааг, авлигатай тэмцэх байгууллагыг цаашид нийгмийн зайлшгүй нэг эд эс болгох чиглэлээр улс төрийн зүгээс хийж байгаа бодитой дэмжлэг, улс төрчдийн хүсэл эрмэлзлэл хангалтгүй байна гэж бид дүгнэлт хийсэн. Зайлшгүй шаардлагатай байгаа авлигын эсрэг улс төрийн дэмжлэгийг залуу гишүүд бид санаачлан, манлайлах нь зүйтэй гэж шийдсэн” хэмээн ярьж байлаа.

Уулзалт хоёр цаг гаруй үргэлжилж, Авлигатай тэмцэх газрын удирдлагууд УИХ-ын гишүүдэд ажлаа танилцуулан, асууж сонирхсон асуултад нь хариулт өгч, харилцан санал солилцон, цаашид авлигын эсрэг хамтран ажиллахаар санал нэгдлээ.

Уулзалт дууссаны дараа гишүүд Авлигатай тэмцэх газрын албан хаагчдын өрөө тасалгаагаар орж, ямар орчин нөхцөлд ажилладагийг үзэж танилцсан.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us