С1 телевизийн тойм мэдээ: “Алдагдсан боломж”
Авлигачдын тарьсан балаг, алдагдсан боломжийн өртөг жил ирэх тусам өссөөр байна. 2021 онд Таван толгой дулааны станцыг 808.2 сая ам.доллараар барихаар тооцоолж байсан. Гэтэл энэ хэмжээний мөнгийг нэг жилийн дотор албан тушаалаа урвуулан ашигласан этгээдүүд авлигад зарцуулжээ.
Сүүлийн гурван жилийн хугацаанд АТГ-аас илрүүлсэн зөрчлийн мөнгөн дүнг та бүхэнд танилцуулъя.
- 2020 онд 35 тэрбум төгрөг
- 2021 онд 96 тэрум төгрөг
- 2022 онд 2.4 их наяд төгрөгийн
хохирлыг албан тушаалаа урвуулан ашигласан этгээдүүдээр нөхөн төлүүлсэн байна. Үүнээс хамгийн их нь Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнуудад албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд хууль бус байдал бий болгож зээл олгосон 861 тэрбум төгрөгийн нөхөн төлөлт байгаа юм. Энэ хэмжээний мөнгийг авлигачид авснаар Хөгжлийн банк бизнес эрхлэгчдэд зээл олгох боломжгүй болж, эргэлтийн хөрөнгөгүй болтлоо дампуурах эрсдэлтэй тулгараад байсан юм.
Харин 20 гаруй тэрбум төгрөгийг оффшор бүсээс буцаан авчирсан байна. Эдгээр үзүүлэлт бол зөвхөн шүүхээр шийдвэрлэгдсэн хэргүүдийн нийтэд ил болсон мөнгөн дүн юм. Үүнээс гадна гадны улсад үл хөдлөх хөрөнгө болгон хадгалсан тохиолдол бас олон байна.
“Нэгэн төрийн өмчит үйлдвэрийн газрын эрх бүхий албан тушаалнаар ажиллаж байсан этгээд тухайн компанидаа өндөр дүнтэй гэрээ байгуулсны хариуд их хэмжээний хахууль авсан. Тэр хахуулийг бэлнээр юм уу, Монгол Улсад аваагүй. Оффшор бүсээр дамжуулан мөнгө угаах замаар Лондон хотын төвд 4 өрөө үл хөдлөх хөрөнгө болгосныг АТГ илрүүлээд, уг хулгайлагдсан хөрөнгийг буцааж улсын өмчлөлд авчирсан” гэж АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн ярилаа.
Сүүлийн 2 жилийн хугацаанд ил болсон 2.6 их наяд төгрөгийг авлигачид аваагүй байсан бол Монгол Улсын хэмжээнд ямар бүтээн байгуулалтууд хийж болох байсныг товч жишээгээр хүргэе. Хот ачааллаа даахгүй тог цахилгаан тасрах эрсдэлтэй гэж үзэж байгаа. Тэгвэл 2021 онд Тавантолгой 450мвт-ын дулааны цахилгаан станцын барилгын ажлыг гүйцэтгэх төсөв 808.2 ам.доллар шаардлагатай гэж байсан. Энэ нь тэр үеийн Монголбанкны ханшаар 2.3 их наяд төгрөг болж байсан юм. Тэгвэл энэ хэмжээний мөнгөөр Тавантолгойн дулааны цахилгаан станцыг барьж Улаанбаатар хот тогны асуудлаа шийдэж, цаашлаад утааны асуудлаа өнөөдрийн түвшинд хүргэхгүй байх боломж байлаа.
Дараагийн жишээг авч үзье. Улаанбаатар хотын бага насны хүүхэдтэй иргэдэд хамгийн их тулгардаг цэцэрлэгийн хүртээмжийн асуудал нь хамгийн том бэрхшээл. Гэрт нь ойр цэцэрлэг байхгүйгээс хүүхдээ харьяаллын бус хол цэцэрлэгт хамруулдаг. Тэгвэл нэг цэцэрлэг барих төсвийг дунджаар 2 тэрбум гэж үзэх юм бол 2021 онд авлигад алдсан 96 тэрбум төгрөгөөр 41 цэцэрлэг барих боломжтой байжээ. Зөвхөн энэ хоёр жишээнээс харахад цахилгаан, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбар бүрт асуудалтай манай улсын хувьд алдагдсан боломжийн өртөг маш өндөр байгаа юм.
Эдийн засагч Г.Батзориг “2 их наяд төгрөг бол манай улсын төсвийн бараг 10 хувьтай тэнцэх мөнгө. Бид өнөөг хүртэл боловсрол, эрүүл мэндийн салбартаа ийм их хэмжээний мөнгө зарцуулж үзээгүй. Үүн дээр бондын төлбөр гэж тооцвол жил бүр хүүгийн төлбөрт 2015 оноос хойш 1 их наяд төгрөг төлж байгаа. 5 жилээр бодож үзвэл 5 их наяд төгрөг болж байна. Сая авлигын хохирол 2 их наядыг нэмээд тооцвол 7 их наяд төгрөг, энэ нь төсвийн бараг 40 хувьтай тэнцэнэ. Гэтэл төсвийн 40 хувь халамж руу явж байгаа. Шударгаар ажиллаад, татвараа төлөөд явж байгаа иргэдээс бүрдүүлсэн татварын орлогыг маш үрэн таран хийсэн” гэж ярилаа.
Монгол Улсад авлига, хээл хахууль энэ хэмжээнд хүрсэн нь далд эдийн засагтай холбоотой гэж эдийн засагчид үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагын тогтмол систем байхгүй, хүнээс хэт хамааралтай байгаа нөхцөлд ямар нэг байдлаар эрх ашгийн зөрчил үүсэж байдаг. Тиймээс төрийн аппаратыг бизнест бага оруулж, төрийн өмчит компаниудыг олон нийтэд нээлттэй болгон бүртгэлжүүлж байж авлига, хээл хахууль багасах боломжтой гэж эдийн засагчид хэлж байна. Учир нь 70, 80-аад оны үед Зүүн Ази, Номхон далайн бүс нутгууд энэ үеийг туулж төрийн аппаратыг бизнесээс ангижруулснаар авлигаа багасгаж чадсан. Хэрэв манай улс авлигатай тэмцэх бодлогоо өөрчилж чадахгүй бол дараагийн Венесуал, Шри Ланк улс шиг болох эрсдэл үүсээд байна.
Эх сурвалж: С1 телевизийн мэдээллийн хөтөлбөр. 2022.01.11.
Үзэх линк: https://www.facebook.com/2057829624465520/videos/1207818896788466