Sep 22, 2007         9

Авлигатай тэмцэхэд улс төрөөс ангид байхыг сануулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Авлигатай тэмцэх газрын дарга Б.Дангаасүрэн тэргүүтэй тус байгууллагын удирдах бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзан цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцлоо.

УИХ-аас Авлигын эсрэг хууль батлагдсанаар авлигатай тэмцэх эрх зүйн орчин бүрдэж бие даасан байгууллага ажиллаж эхэлсэн. Ажиллах орчин нөхцөл л харьцангуй бүрдсэн, одоо улс төрийн аль нэг хүчин, өндөр албан тушаалтны нөлөөнд үл автан авлигыг арилгахын төлөө хатуу тэмцэн ажиллах ёстойг Ерөнхийлөгч Н.Энхбаяр онцлон хэллээ. Нийгмийн хөгжлийг хойш татсан, олон нийтийг ихээр бухимдуулж байгаа энэ ажилд зөвхөн авлигатай тэмцэх байгууллага дангаараа биш төрийн болон төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээлэл, иргэдийн оролцоо чухал байгааг мөн хэллээ.

Ерөнхийлөгч, авлигатай тэмцэх байгууллагын боловсон хүчний чадварыг бэхжүүлэх, хууль сахиулах бусад байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, мэдээлэл солилцох эрх зүйн орчноо сайжруулах, гадаад харилцаагаа өргөжүүлэн олон улсын байгууллагуудтай хэлхээ холбоотой ажиллахыг чиглэл болголоо. Авлигатай тэмцэхэд улстөржихгүй байх талаар онцлоод хэн ч байсан гэм буруу, үнэн мөнгийг хуулийн дагуу тогтоон бусдад үлгэр болохуйц ажиллах талаар байр сууриа илэрхийлэв.

Авлигатай тэмцэх газрын дарга Б.Дангаасүрэн Ерөнхийлөгчийн санал, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, хуульд захирагдан ажиллах болно гэлээ. Тус газар УИХ-ын тогтоолын дагуу найман төрлийн хэргийг мөрдөн шалгах эрх авсан. Одоогоор 32 хэрэг хүлээн авч мөрдөн шалгаж байгаа юм байна. Иргэд ч авлигын индекс өндөр, олны анхаарлыг татдаг байгууллагын талаар мэдээллээ ирүүлсээр байгаа талаар ярилцлаа.

Авлигатай тэмцэх газар Мянганы сорилын сангаас санхүүжүүлэх төсөлд хамрагдах, ажлын байраа өргөтгөх, техник хэрэгслээр хангах, шуурхай ажиллах нөхцөл бүрдүүлэх талаар Ерөнхийлөгчид дэмжлэг хүссэн санал тавилаа. Мөн хууль бусаар баяжих, хөрөнгө орлогын мэдүүлгийг санаатайгаар худал мэдүүлэх, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зэрэг асуудлыыг Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдүүлэх хүсэлтэй байгаагаа танилцуулав. 2008 оныг Авлигатай тэмцэх газар хүнд сурталтай тэмцэх, иргэдийг чирэгдүүлдэг байдлыг арилгахад анхаарч ажиллах юм байна.

“Үнэн” сонин. №184

Үнэлгээ

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us