Jan 13, 2023         9

Ийгл телевизийн тойм мэдээ: “Авлига”

iaacАвлигачидтай хийх тэмцэл эрчимжиж байна. Гэхдээ жил ирэх тусам авлигын гэмт хэргийн тоо болон учруулсан хохирлын мөнгөн дүнгийн хэмжээ өссөөр байна. Байгалийн баялгийн үр шим болоод татвар төлөгчдийн мөнгө гарын салаагаар урсах учиргүй. Харамсалтай нь хар хулгай нүүрлэсэн төрөө цэвэрлэж чадахгүй байсаар л байна.

2023 он гараад 10-хан хонож байна. Гэтэл оны ажлын эхний долоо хоногт гэхэд л АТГ-т гэмт хэргийн шинжтэй 75 гомдол, мэдээлэл иржээ. Ер нь авлигатай хийх тэмцэл эрчимжиж, бүх шатанд шалгалт шүүлэг, соён гэгээрүүлэх ажил хийгдэж байна. Харамсалтай нь төрийн албанд хэрсэн авлигын сүлжээ гүн бат шингэсэн, үржсэн, нуугдсан байна. Мэдээж илрүүлсэн, ялласан, шалгасан хэргүүд маш олон. Өнөөдрийн байдлаар АТГ-т 754 хэрэг шалгагдаж байна. Энэ 754 хэргийн холбогдогч гээд үржүүлбэл бүр их тоо гарна. Тэгэхээр яг одоо аймшигт айдас төрд нүүрлээд байна. Тэд нийтийг айдаст автуулаад зогсохгүй хэдэн мянган төрийн албан хаагчийн ажил үйлчилгээний нэр хүндийг сэвтүүлж байгаа ялтай. Эцэстээ авлигачдын арга нарийсч, шалгаж шийдэх хүндрэлтэй нөхцөл рүү орж өргөн хүрээнд шалгалтыг явуулахад хүргэж байна.

“Нэг прокурор дунджаар 60 орчим авлигын хэрэгт хяналт тавьдаг. Энэ тоо хэдийгээр бага мэт боловч нэг хавтаст хэрэг нь доод тал нь 15-20, дээд тал нь 600 хүртэл байдаг. Тэгэхээр нэг прокурор нэг хавтаст хэргээс 4000-150000 хуудас нотлох баримтыг танилцаж хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай байдаг” гэж Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхмаа ярилаа.

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их Хурлын түвшнээс эхлээд цагдаа, тагнуул, АТГ гээд бүх шатанд авлига, албан тушаалын гэмт хэргийн эсрэг хийх ажил эрчимжиж, зарим томоохон хэрэг дээр хуулийн байгууллагын хамтарсан ажлын хэсгүүд гарч ажиллаж байна. Соён гэгээрүүлэх ажил ч хийгдэж байгаа. Гэтэл жил ирэх тусам авлигын гэмт хэрэг нэмэгдэж, АТГ-т 2022 онд 662 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн. Шийдвэрлэлт 95.6 хувьтай байгааг мэдээлж байна. Гэхдээ энэ тоо өмнөх оныхтой харьцуулахад 101-ээр өссөн үзүүлэлт юм.

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах гомдол, мэдээллийн шийдвэрлэлт 2021 онд 561 байсан бол 2022 онд 662 болж 101-ээр нэмэгдлээ. Харин 2022 онд хянан шийдвэрлэсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл өмнөх оны мөн үеэс 350-иар өссөн байна. Хянан шийдвэрлэсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл 2021 онд 1491 байсан бол 2022 онд 1841 болсон.

Ер нь авлига, албан тушаалын гэмт хэргүүд шүүх дээр очоод гацдаг, уддаг, олон арван удаа хурал нь хойшилдог, бүр арван жилээр үргэлжилдэг. Яг үүнээс болоод шүүх засаглал ялзарсан гэх шүүмжлэл сүүлийн үед хамгийн их яригдаж байна.

АТГ-ын Мөрдөн шалгах албаны дарга, ахлах комиссар Ч.Жаргалбаатар “Гэмт хэргийг үйлдэхдээ албан тушаалтнууд тухайн гэмт хэргийг ирэх цаг хугацаанд яаж хариуцлагаас мултрах вэ, яавал мөрдөн шалгах ажиллагааг удаашруулах вэ гэж тооцоолол дээр үйлддэг учраас шалгаж шийдвэрлэхэд нэлээд төвөгтэй. Үйлдлээ илрүүлэхгүйн тулд нууц, далд арга, хуурамч бичиг баримт үйлдэх аргачлалуудыг ашигладаг. Мөрдөн шалгах ажиллагаа эхэлснээр тухайн цаг хугацаатай холбогдох бүхий л нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийгддэг. Ингээд эрүүгийн хэрэг дээр эдийн засгийн гэмт хэрэг дээр эдийн засгийн шинжилгээ хийлгэх, бусад гарын үсгийн шинжилгээг хийлгэх, гэмт хэргийн цар хүрээ нөлөөлөл юу байна гэх зэргээр маш өргөн хүрээнд ажиллагаа явдаг учраас өөр бусад ахуйн гэмт хэрэгтэй харьцуулбал шалгаж шийдвэрлэхэд цаг хугацаа шаардагддаг онцлогтой” гэж ярилаа.

Тоон мэдээллүүдийг аваад үзэхэд, авлигын гэмт хэрэг, АТГ-т ирсэн гомдол, шалгасан хэрэг, шийдсэн хэрэг бүх тоо өссөн байна. Цаашилбал 2022 онд хуульд заасан харьяаллын, авлигын шинжтэй 1806 үйлдэлтэй, 1184 холбогдогчтой, 1520 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсныг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16.3 хувиар өссөн үзүүлэлт байна. За ингээд авлигын гэмт хэрэг ч нэмэгдэж, иргэд аж ахуйн нэгжээс ирүүлж байгаа гомдол, мэдээлэл ч нэмэгдэж. Хамгийн гол нь энэ олон гомдол, хэргийг хэрхэн шийдэж байна вэ? Ингээд харахаар АТГ-т лав хэргийн шийдвэрлэлт өссөн тоотой байна. Хэргийн шийдвэрлэлт 2021 онд 1307 байсан бол 2022 онд 1520 болж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн шийдвэрлэлт 52.2 хувьтай байна. Харин одоогоор АТГ-т ажиллагаанд байгаа хэрэг 715 байгаа нь жилийн өмнөхтэй харьцуулаад үзэхэд 235-аар их байгаа юм.

Шүүхтэй холбоотой тоо харвал 2022 онд авлигын 188 хэрэг шүүхээр шийдвэрлэгдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн хэрэг өмнөх оныхоос 28-аар өссөн. Энэ тоо өмнөх жил 160 байсан бол 2022 онд 188 болж өсчээ.

Шүүхээр шийдвэрлэгдсэн хэргүүдээс дурдвал:

  • Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ерөнхий захирал З.Ганбаатар, Техникийн хэлтсийн автоматжуулалт хариуцсан тэргүүлэх мэргэжилтэн Л.Дэлгэрбат нарт холбогдох,
  • Гаалийн ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын дарга Б.Мягмарт холбогдох,
  • Гаалийн ерөнхий газрын харьяа Гашуунсухайт дахь гаалийн газрын Байгаль орчны хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч С.Энхтайванд холбогдох,
  • Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын Барилга байгууламжийн хэлтсийн дарга Д.Жүрмэддоржид холбогдох,
  • Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Тамгын газрын дарга М.Баянмөнх нарт холбогдох, 
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбатад холбогдох,
  • Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн мэргэжилтэн Н.Чимэдлхам нарт холбогдох,
  • Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн захирал Ж.Байгалмаа нарт холбогдох,
  • Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын дарга Д.Одончимэг нарт холбогдох,
  • Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Л.Насанцэнгэлд холбогдох,
  • Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт худалдан авах ажиллагааны хэлтсийн Зам, замын байгууламж хариуцсан мэргэжилтэн А.Ариунсанаад холбогдох,
  • Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр нарт холбогдох,
  • Сэлэнгэ аймгийн Автотээврийн төвийн дарга Ж.Батцогтод холбогдох,
  • Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Гансүх нарт холбогдох,
  • Дорнод аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга Н.Мөнхгэрэлд холбогдох зэрэг хэргүүд анхан шатны шүүхээр тус тус шийдвэрлэгдээд байна.

За эндээс ерөнхийдөө аль салбарт том хулгай явагдаад байгаа, ямар хүмүүс нийт төрийн албан хаагчдынхаа нэр төрийг сэвтээгээд байгаа нь хэтэрхий ил харагдаж байна. Энэ бүхэнд олон нийт алдагдсан боломжоороо хохирч байгаа учраас авлигын хохирогч нь тухайн салбар гэхээсээ илүү нийтээрээ хохирлыг төлж барагдуулж байна гэсэн үг.

Нийслэлийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1-р хэлтсийн дарга Б.Мөнх-Од “Авлигын гэмт хэргийн улмаас хэн хохирдог вэ гэхээр иргэд, олон нийт л хохирч байгаа. Иргэдийн амьд явах, аюулгүй орчинд амьдрах, тэгш боломжоо алдах зэргээр хохирч байна” гэж хэлэв.

Авлигын гэмт хэрэг албан тушаалтнуудыг шалгаж шүүгээд яллаад хэрэг дуусахгүй. Тэдний учруулсан гэм хохирлын асуудал гэж бий. Ялангуяа авлигын хэрэгт хохирол нь нийгэмд хор уршигтай. Үргэлж зөв шударга ажиллаж байгаа бусдын боломжийг хулгайлсан байдаг. 2022 онд шалгагдсан гэмт хэргийн улмаас 5 их наяд 24 тэрбум 895 сая 829 мянга 317 төгрөгийн хохирол учирсан. Энэ бол аймшигтай их тоо. Энэ бол нэгхэн жилийн дотор Монголын авлигачдын үлдээж байгаа хар мөр. 2023 оны Төсвийн тухай хуулиар 21 аймагт хуваарилсан төсвөөс өгөх татаас нь 241 тэрбум төгрөг болсон. Тэгвэл авлигачид 21 аймгийн 23 жилийн төсвийн дэмжлэгтэй тэнцэх хохирол учруулсан гэсэн үг. Хаанаас ямар зориг зүрх муйхарлалаар ард түмнээсээ хулгайлаад байна вэ гэж уулга алдмаар байна.

Энэ 5 их наяд төгрөгөөс мөрдөн шалгах ажиллагааны явцад 2 их наяд 374 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, үл хөдлөх хөрөнгө хөдлөх болон орон сууц, автомашин тоног төхөөрөмж зэрэг 518 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжилсэн байна. Ерөнхийдөө нийт учирсан хохирлын 47.3 хувийг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлжээ.

За энэ хохирол барагдуулсан хөрөнгө дотор өнөөх алдартай гадаад руу гаргасан хөрөнгүүд байгаа. АТГ-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гадаад улс орнуудаас 12.2 сая долларын өртөг бүхий хөрөнгийг буцаан авчрах үндэслэлийг тогтоож шүүхийн шийдвэрээр улсын орлого болгосон. Энэ дунд Английн Лондон хотод байрлах 1.8 тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн 1 орон сууц, 269 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө 2 ширхэг, нийт 6.4 тэрбум төгрөг буюу 4.7 сая долларыг улсын орлого болгожээ. Мөн Виржиниа арлаас 2.2 тэрбум төгрөг буюу 1.6 сая долларын үнэ бүхий газар, үл хөдлөх хөрөнгийг, бас 11.3 тэрбум төгрөг буюу 5.7 сая долларыг Мэн арлаас хураан авчирч улсын орлого болгосон байна.

Аймшигтай энэ олон тооны ард авлигачдад Монголын ард түмэн хохирлоос өөр хэлэх үг алга. Үнэндээ төрийн түвшинд авлига галзууралдаа хүрч, авлигатай тэмцээд төрөө хуу цэвэрлэнэ гэдэг төрийн өндөрлөгүүдийн үг хуурай байна. Монголд хөгжил дэвшлийн тухай төсөөлөл бий, гэхдээ авлигачдаасаа салаагүй цагт хэзээ ч Монгол Улс хөгжихгүй, хүн бүр лаг шавартаа живсээр байх болно.

Сэтгүүлч С.ЭРДЭНЭБАЯР

 

Үзэх линк: https://www.facebook.com/eaglenewssocial/videos/478210587835984

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us