Apr 20, 2010         9

Аймгуудын Засаг дарга нар Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө боловсрууллаа /2010.04.20/

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Авлигатай тэмцэх газар, АНУ-ын Азийн сан хамтран төрийн байгууллагуудын авлигаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөний хэрэгжилтийн талаарх семинарыг “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг үнэлэх аргачлал ба орон нутгийн оролцоог хангах нь” сэдвийн дор яам, агентлагуудын удирдах албан тушаалтнууд, аймгуудын Засаг дарга нарыг оролцуулан энэ сарын 15-16-ны өдрүүдэд гурав дахь удаагаа зохион байгууллаа.

Төрийн байгууллагуудын авлигад өртөх эрсдлийн үнэлгээг тодорхойлох, авлигаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудын удирдлагуудад арга зүйн туслалцаа үзүүлэх зорилготой уг семинарт Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар нар оролцсон.

iaac

Түүнчлэн Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Ч.Сангарагчаа “Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний явц, биелэлт болон уг төлөвлөгөөг орон нутагт хэрэгжүүлэх асуудал”, олон улсын зөвлөх Тони Квок “Авлигын тухай ойлголт, олон улсын туршлага, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 4 тулгуурт төлөвлөгөө боловсруулах асуудал” сэдвээр илтгэл тавилаа.

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Д.Дуламсүрэн “Яам, агентлагуудын авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн үнэлгээ”-г танилцуулсан юм.

Мөн Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албаны ажилтан Ч.Даваасүрэн Авлигын индексийн 2009 оны тооцооны үр дүнг танилцуулсан нь семинарт оролцогчдын сонирхлыг татсан.

Семинарын төгсгөлд авлигаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөний явц, хэрэгжилтэд мониторинг хийх талаар хэлэлцэж, Зөвлөмж гарган Ерөнхий сайдад танилцууллаа.

Энэ жилийн семинарт аймгуудын Засаг дарга нарыг урьж оролцуулснаараа өмнөх жилүүдээс онцлог болов. Засаг дарга нар орон нутгийн түвшинд авлигын эрсдэл ямар байгааг үнэлж, шалтгаан нөхцөлийг тодорхойлон хэлэлцээд, Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг өөрсдөө боловсрууллаа. Ингэснээр энэ жилээс эхлэн орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-тэй болж буй юм.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us