Авлигын эсрэг сургалтад хамрагдсан нийт хүний тоо өмнөх оноос 2 дахин өссөн
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтыг 134 удаа зохион байгуулж, 341 иргэн, 27304 нийтийн албан тушаалтан, нийт 27645 хүнийг хамруулав. Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт хийх сургагч багш нарыг чадавхижуулж, сургалт, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх зорилт тавьсанаар орон нутгаас бэлтгэгдсэн сургагч багш нар 4480 хүнд, “Шударга ёсны боловсрол” хөтөлбөрийн хүрээнд бэлтгэсэн ЕБС-ийн багш нар нийт 20892 хүүхэд, 332 эцэг эхэд буюу нийт 25704 иргэн, албан хаагч, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, эцэг эхэд сургалт зохион байгуулсан байна. Авлигын эсрэг сургалтад хамрагдсан нийт хүний тоо өмнөх оноос 2 дахин, нийтийн албан тушаалтны тоо 3 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Тайлант хугацаанд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн албан тушаалтны үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, гаргаж байгаа нийтлэг зөрчил, цаашид зөрчлийг давтан гаргахгүй байх, мэдүүлгийг бүртгэж хадгалах эрх бүхий албан тушаалтан /ЭБАТ/-ыг мэргэшүүлэх, сурган дадлагажуулах, үйл ажиллагаанд нь тавих хяналтыг дээшлүүлэх, удирдах албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр сургалт, мэдээлэл, арга зүйгээр хангах ажлыг зохион байгуулав. 2021 оны байдлаар Төрийн болон нутгийн захиргааны төв болон тэдгээрийн салбар нэгж 118 байгууллагад ажиллаж байгаа ЭБАТ-ын судалгааг шинэчлэн хийлээ. Судалгаагаар улсын хэмжээнд нийт 1792 ЭБАТ ажиллаж байгаагаас 191 буюу 10.6 хувь нь энэ онд шинээр томилогдсон байна.
ЭБАТ-уудыг мэдээлэл, арга зүйн зөвлөгөөгөөр хангах, дэмжлэг үзүүлэх зорилгоор нийтийн сүлжээнд цахим нэгдсэн групп үүсгэн гарын авлага, зөвлөмж, мэдээлэл, зааварчилгаа, сурталчилгаа болон бусад цаг үеийн шинжтэй мэдээллийг тухай бүр тогтмол байршуулж, тэднээс ирүүлсэн асуулт, санал, хүсэлтэд хариулт өгч ажиллаж байна.
УИХ-ын Тамгын газрын албан хаагчид, УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслах, Эрүүл мэндийн яам болон түүний харьяа байгууллагууд, Баянгол дүүргийн Татварын хэлтэс, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид зэрэг 508 албан тушаалтанд, шинээр томилогдсон эрх бүхий албан тушаалтнуудад 2 удаагийн сургалт зохион байгуулснаар давхардсан тоогоор 203 албан хаагч хамрагдсан байна.