АТГ 2022 оны эхний хагас жилд: Судалгаа шинжилгээний ажил
Авлигын эсрэг хуульд заасан чиг үүрэг, байгууллагын стратеги төлөвлөгөөнд тусгагдсан бодлогын болон зорилтот судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэж байна. 2022 оны эхний хагас жилийн байдлаар:
- “Авлигын эрсдэлийн үнэлгээ”-г Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Монголын төмөр зам ТӨХК, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хийж, судалгааны дүнг судалгаанд хамрагдсан дээрх байгууллагуудад танилцуулах ажиллагааг зохион байгууллаа.
- “Шударга байдлын үнэлгээний судалгааны мэдээлэл цуглуулах, тайланг бэлтгэж, үр дүнг олон нийтэд мэдээлэх” ажлыг зөвлөх үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эхлүүлж, шалгарсан гүйцэтгэгч нарт мэргэжил, арга зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч үйл ажиллагаанд нь хяналт тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар судалгааны мэдээлэл цуглуулах ажил дунджаар 26.3 хувьтай явагдаж байна.
- Жил бүр зохион байгуулагддаг “Хүүхдийн шударга байдлын судалгаа”-нд аймаг, нийслэлийн хэмжээнд нийт 6492 сурагч, 1410 багш, албан хаагч, 1410 эцэг, эхээс мэдээлэл цуглуулсан ба мэдээлэл боловсруулалт хийж, судалгааны үр дүнгийн тайланг боловсруулах ажил хийгдэж байна.
- Хорооноос иргэдэд үзүүлж буй үйлчилгээ, хороонд хандаж, үйлчилгээ авсан иргэдийн бүртгэл, статистикийн нөхцөл байдлыг тодорхойлох судалгааг 9 дүүргийн 82 хороог хамруулан гүйцэтгүүлж, судалгааны тайлан, зөвлөмжийг хүлээн аваад байна.
- Авлигатай тэмцэх газрын олон нийттэй харилцах бодлогын баримт бичиг боловсруулах ажлыг гүйцэтгэсэн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн хуулийн этгээдтэй хамтран ажиллаж, судалгааны ажлын явц, гүйцэтгэлд хяналт тавин хамтран ажилласнаар судалгааны тайланг хүлээн авлаа. Тайланд холбогдох санал, мэдээллийг тусган баталгаажуулах ажил хийгдэж байна.
- Авлигын эсрэг соён гэгээрүүлэх арга хэмжээний үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх аргачлал боловсруулах”, “Монголчуудын ёс заншил, уламжлал, ахуй, соёлтой нийцсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагааны арга, хэлбэрийг тодорхойлох”, “Авлигатай тэмцэх газраас зохион байгуулах соён гэгээрүүлэх үйл ажиллагааны стратеги (2022-2024) боловсруулах”, “Авлигатай тэмцэх газраас зохион байгуулж буй олон нийттэй харилцах, соён гэгээрүүлэх үйл ажиллагааны үр дүн, ач холбогдлын талаарх олон нийтийн санаа бодлыг судалж, дүгнэлт, зөвлөмж санал боловсруулах (хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх)” 4 төрлийн судалгааны гүйцэтгэл 90 хувьтай байна. Эдгээр судалгааны ажлын үр дүнд суурилан авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааны стратеги боловсруулахаар төлөвлөсөн болно.
- Монгол Улс дахь авлигад нөлөөлж буй хүчин зүйлсийн динамик загвар боловсруулах, ажлын хүрээнд гүйцэтгэл 80 хувьтай байна. Энэ чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа судлаачдын багтай байнгын холбоотой ажиллаж, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байна.
- Байгууллагын соёлын нөхцөл байдлын судалгааг зохион байгуулж байна. Судалгаанд хамрагдвал зохих нийт албан хаагчдын 83.0 хувь хамрагдсан бөгөөд судалгааны өгөгдлийг боловсруулж байна. Судалгааны дүнд үндэслэн ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулах, тайланг хүлээн авах ажлыг 2022 оны 07 дугаар сард багтаан зохион байгуулахаар төлөвлөсөн болно.
- Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, авлигатай тэмцэх үйл ажиллагаанд холбогдох эрх зүйн зохицуулалтад иж бүрэн шинжилгээ хийж, хууль тогтоомжийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох хэрэгцээ шаардлагыг судалж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зөвлөмж бүхий үнэлгээ, санал боловсруулах ажлыг гэрээгээр гүйцэтгүүлж эхлээд байна.
Дэлхийн Засаглалын Үзүүлэлт (Worldwide Governance Indicators)-ийн 2020 оны үр дүнгийн талаар, Бертелсман сангаас гаргадаг Шилжилтийн индексийн Монгол Улсын 2022 оны үнэлгээний талаар, Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (IDLO)-ын “Монгол Улсын институтийн шударга, ил тод байдал” төслийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн байгууллагын авлигын эрсдэлийн үнэлгээний аргачлалыг сайжруулах, гарын авлагыг орчуулах, шинжээчдийг бэлтгэх, үнэлгээ хийх зэрэг ажлуудыг багтаасан багц арга хэмжээний санал, танилцуулга, Төрийн албан дахь авлигын нөхцөл байдал, авлигын гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, түүний шалтгаан, нөхцөл болон авлигаас урьдчилан сэргийлэх талаарх, санал танилцуулгын бэлтгэн эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, танилцуулах арга хэмжээг авлаа.
2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэг, 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэл болгон авлига, албан тушаалын гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийж байна.
Тус байгууллагаас эрхлэн хэвлүүлдэг “Шударга ёс” онол, арга зүйн цуврал сэтгүүлийн хүлээн зөвшөөрөгдөх байдлын судалгааг хийж, эрхлэн хэвлүүлснээс хойш хугацааны бүх дугаарыг legaldata.mn (https://legaldata.mn/b/1293)-д байршуулж, International Standard Serial Number (ISSN) буюу цувралаар хэвлэгддэг хэвлэлийн олон улсын стандарт дугаар (ISSN 2791-3619)-ыг албан ёсоор авлаа.