Dec 10, 2021         3

Нийслэлийн зургаан сургууль

iaac

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-ний өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн НҮБ-аас тунхагласан. Авлигын эсрэг НҮБ-ын далбаан дор нэгдсэн улс орнууд энэ өдрийг угтан олон нийтийн дуу хоолойг сонсох, Авлигын эсрэг конвенцид тусгасан үүргүүдийг нийгэмд таниулдаг. Монгол Улс 2005 оны аравдугаар сарын 27-ны өдөр НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцийг соёрхон баталсан. Ингэснээр манай улс авлигын эсрэг олон улсын үйл хэрэгт нэгдсэн билээ.

Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан Авлигатай тэмцэх газраас нийслэлийн зургаан дүүргийн ерөнхий боловсролын сургуульд "Шударга ёсны клуб”-ийн сүлжээг үүсгэн байгуулах эхлэлийг тавилаа.

Шударга ёсны хүмүүжил, боловсрол олгох тусгайлсан хичээл орох шаардлагатай

Нийслэлийн 84 дүгээр сургуульд "Шударга ёсны клуб"-ийг хүлээлгэн өгөх үеэр АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн "АТГ зөвхөн төрийн албан хаагчдад, тэдний ёс зүйн асуудлыг дээшлүүлэх чиглэлээр ажиллахаас гадна залуучууд, хүүхдүүдийнхээ ирээдүйн зөв хүн болох, шударга ёсны үзлийг үнэт зүйлээ болгох зан суртахууны эхлэлийг тавихад дэмжлэг үзүүлэхээр байгууллагын стратеги, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусган ажиллаж байгаа. Өнөөдрийн сурагч ирээдүйн төр, хувийн хэвшлийн ажилтан, албан хаагч болно. Хүүхдүүдэд суурь мэдлэг олгох үндсэн хичээлээс гадна шударга ёсны хүмүүжил, боловсрол олгох тусгайлсан хичээл орох шаардлага бий. Иймд АТГ-аас нийслэлийн зургаан дүүргийн сургуульд "Шударга ёсны танхим" болон клубийг байгуулж эхэллээ. Энэ танхимд хүүхдүүд хичээлийн бусад цагаар шударга зан үйл, ёс зүйн төлөвшил хүмүүжилд суралцах, бусадтайгаа ярилцах боломжтой юм.

Нэг клуб байгуулаад, эссэ бичлэгийн уралдаан зарлаад өнгөрөх зүйл биш. Энэ танхим байнгын ажиллагаатай байх ёстой. Шударга ёс үнэт зүйл нь болж байж хүүхэд зөв төлөвшиж хүмүүжиж, хууль даган мөрддөг, бусад хүмүүсийн дутагдалд дуугүй өнгөрдөггүй байх хандлагад суралцана. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт шударга ёсны боловсрол олгох талын хичээл дутагдаж байгаа. Тиймээс АТГ-аас Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтраад Улаанбаатар хотын 8-10 дугаар ангийн бүх хүүхдүүдэд хичээл заах багш нарыг сурган бэлтгэж байгаа" гэв.

Авлигатай тэмцэх газрыг хүүхдүүд хянадаг, шалгадаг л газар гэж ойлгодог

Нийслэлийн 84 дүгээр сургуулийн захирал С.Лхагвадулам "Монголын иргэдийг багаас нь зөв, шударга иргэн болгон төлөвшүүлэхэд "Шударга ёсны танхим" болон клуб үйл ажиллагаагаа эрчимжүүлж явна. Хүүхдүүд маань энэ танхимаар дамжуулан илтгэл болон бусад уралдаан тэмцээнд бэлтгэж, хамтдаа суралцаж хөгжих боломж бүрдэж буйд туйлын баяртай байна. Хүүхдүүдийн дунд АТГ зөвхөн, хянаж шалгадаг гэдэг ойлголт байдаг.

Харин "Шударга ёсны клуб"-ээр дамжуулан авлигаас урьдчилан сэргийлэх хөтөлбөрт хамрагдах боломжтой боллоо. Багш хүний хувьд шударга, зөв иргэнийг бий болгож чадвал Монголын ирээдүй улам гэрэлтэй болно гэж боддог" гэлээ.

Шударга нийгмийг бий болгож чадвал залуучууд дэлхийд өрсөлдөнө

Нийслэлийн 84 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч М.Мөнхжин "Шударга ёсны тухай өрсөлдөөн, мэтгэлцээний тэмцээнээр хүүхдүүд маш их хөгждөг. Тиймээс сургууль болгонд шударга ёсны клубийг нээгээсэй гэж хүсэж байна. Үр дүнд нь бид зөвхөн Монголд төдийгүй дэлхийд өрсөлдөх чадвартай хүмүүс болж төлөвшинө. Энэ төлөвшил одоогоос таван жилийн дараах нийгэмд маш ач холбогдолтой. Магадгүй шударга нийгэм бий болсноор дэлхийн эдийн засгийг тодорхойлдог Цахиурын хөндийг Монгол төвтэй болгох боломжтой" гэсэн юм.

Авлигатай тэмцэх газраас шударга ёсны танхим, клубийг цаашид улсын бүх ерөнхий боловсролын сургуульд байгуулахаар төлөвлөж байгаа аж.

 

Эх сурвалж: www.gogo.mn

Сэтгүүлч Г.Тэгшсүрэн

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us