Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа, БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Сэбастиен Сүрүнтэй уулзав
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сэбастиен Сүрүнтэй 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдөр уулзаж, хоёр орны авлигатай тэмцэх ажлын ололт амжилт болон эрх зүйн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Элчин сайд Сүрүн Монгол Улсад томилогдоод 8 сар өнгөрч байгаа бөгөөд Монгол Улсын авлигатай тэмцэх үйл ажиллагааны талаар илүү их сонирхож байгаагаа хэлэв.
Тэргүүн комиссар З.Дашдаваа Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, авлига, мөнгө угаах гэмт хэргийн замаар олсон хууль бус орлогыг гадаад улсад хөдлөх, үл хөдлөх хөрөнгө болгосныг олон улсын ижил төстэй чиг үүрэг бүхий хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд олж илрүүлэн, буцаан авчирч ажиллаж байгааг онцлон дурдав.
Түүнчлэн Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийг үндэслэн гадаад орны эрх бүхий байгууллагатай эрүүгийн хэрэгт харилцан мэдээлэл солилцон хамтран ажиллаж, эрүүгийн хэрэгт нотлох баримтаар ашиглаж байна гэв.
“Транспэрэнси Интернэшнл” байгууллага болон олон улсын байгууллагуудаас өгсөн зөвлөмжүүдийн дагуу нэгд, улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох, хоёрт, төрийн өмчит компаниудын тоог бууруулах, оновчтой зохион байгуулах, гуравт тусгай зөвшөөрлийн олголтыг авлигаас ангид байдлаар нарийвчлан зохицуулах шаардлагатай байгаа талаар ярив.
Элчин сайд Сүрүн, хоёр улсын хууль сахиулах байгууллага өмнө нь авлигын гэмт хэргийг амжилттай хамтран шалгаж байсныг дурдаад цаашид авлигаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.