Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа ХЭҮК-ийн удирдлагуудтай уулзав
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа, Дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал нар Хүний эрхийн үндэсний комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, гишүүн Б.Энхболд, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн нартай уулзав.
Уулзалтаар Монгол Улсад ХҮЭК-оос авч хэрэгжүүлж буй эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг танилцуулсан бөгөөд эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Авлигатай тэмцэх газар болон Хүний эрхийн үндэсний комисс цаашид хамтран ажиллахаар тогтов.
Хүний эрхийн үндэсний комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, жил бүрийн 6 дугаар сарын 26-ны өдөр болдог Эрүү шүүлттэй тэмцэх олон улсын өдрийг тохиолдуулан ХЭҮК-оос олон улсын байгууллагаас гаргасан "Мендезийн зарчим"-ыг танилцуулах, Монгол Улсад нутагшуулах, уг асуудлаар хууль хяналтын байгууллагуудтай хамтарсан сургалт зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа танилцууллаа.
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа, авлига бол хүний эрхийн зөрчил. Тиймээс Авлигатай тэмцэх газрын хуулиар хүлээсэн үндсэн чиг үүрэг болох авлигын эсрэг соён гэгээрүүлэх чиглэлээр хүний эрхийг хангах, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор зорилтот бүлгүүдэд чиглэсэн сургалт, сурталчилгааны ажлуудыг өргөн хүрээнд ХЭҮК-той хамтран зохион байгуулах боломжтой болохыг хэлэв.
Хүний эрх хамгаалагчийн болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх механизмыг бэхжүүлж, үр нөлөөг дээшлүүлэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх ялангуяа эрүү шүүлтээс ангид байх эрхийг баталгаажуулахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт хоёр тал итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Уулзалтад Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн, Гүйцэтгэх ажлын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Р.Баярмагнай, Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Ч.Жаргалбаатар нар оролцов.