Хөрөнгө буцаах байгууллага хоорондын Төв Азийн бүс нутгийн хуралд оролцов
Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Узбекстан Улсын Ташкент хотод 2021 оны 11 дүгээр сарын 23-26-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Хөрөнгө буцаах байгууллага хоорондын Төв Азийн бүс нутгийн хуралд оролцлоо.
Тус хурал нь БНУУ-ын Ерөнхий прокурорын газрын Прокурорын академи дээр зохион байгуулагдсан ба Монгол, Афганистан, Азербайжан, Гүрж, Иран, Казахстан, Киргизстан, Пакистан, Тажикстан, Туркменстан, Украйн, Узбекстан зэрэг улс орны Прокурорын байгууллага, хууль сахиулах байгууллага, санхүүгийн мэдээллийн албаны төлөөлөгчид оролцов.
Хөрөнгө буцаах байгууллага хоорондын Төв Азийн сүлжээний хурлын оролцогчид гэмт хэргийн талаар албан болон албан бус шугамаар мэдээлэл солилцох, нотлох баримтаар бэхжүүлэн авах, цаашлаад хууль бус хөрөнгийг буцаан авчрахтай холбоотой өөрсдийн дотоодын хууль тогтоомжийн эрх зүйн зохицуулалтын талаар харилцан ярилцаж, шүүхээр шийдвэрлэгдсэн зарим хэргийн жишээг танилцуулав.
Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын төлөөлөгчид өөрийн орны байгууллагаа төлөөлөхөөс гадна Хөрөнгө буцаах байгууллага хоорондын Ази, Номхон далайн бүс нутгийн сүлжээг төлөөлж оролцсон бөгөөд эрх зүйн орчин, авлигын нөхцөл байдал, байгууллагын үйл ажиллагаа, олон улсын хамтын ажиллагаа, хулгайлагдсан хөрөнгө буцаан авчирсан талаарх ололт амжилт, туршлагаасаа хуваалцав.
Хурлын зохион байгуулагчдын зүгээс Монголын төлөөлөгчдийн хүрэлцэн ирж, өөрсдийн сайн туршлагаас хуваалцсан явдалд гүн талархал илэрхийлээд дахин оролцож, цаашид бусад орнуудад зөвлөгөө өгч ажиллахыг хүслээ.