Авлигатай тэмцэх нь АНУ-ын үндэсний аюулгүй байдлын үндсэн ашиг сонирхол болох тухай Санамж бичиг
Ерөнхийлөгч Байден Авлигатай тэмцэх нь АНУ-ын үндэсний аюулгүй байдлын үндсэн ашиг сонирхол болох тухай Санамж бичгийг 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гаргав.
Тэрээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Салливанд дэлхийн авлигатай тэмцэх нийгэмлэгийн тодорхойлсон асуудлуудад чиглэсэн АНУ-ын дотоод болон гадаад дахь авлигатай тэмцэх Ерөнхийлөгчийн стратеги боловсруулахыг даалгажээ. Салливан 2019 оны 9-р сард “Вашингтон Пост” сонинд “АНУ хулгайлагдсан хөрөнгийг нуун дарагдуулах, хууль ёсны болгох дэлхийн тэргүүлэгч орнуудын нэг болсон" хэмээн илэн далангүй илчилсэн “Бохир мөнгө АНУ руу урсахыг зогсоохыг хүсч байна уу? Энэ хуулийг батал гэж Конгресст хэл” нийтлэлийг Ребекка Брокатотай хамтран бичсэн бөгөөд "гадаадын авлига нь манай ардчилал, аюулгүй байдал, эдийн засаг, мөн үнэт зүйлсэд заналхийлж байна” хэмээн бичиж байв.
Санамж бичиг нь дэлхийн авлигатай тэмцэх нийгэмлэгүүдийн нэн чухал гэж тодорхойлсон асуудлуудад чиглэсэн байна. Эдгээр нь: хууль бус санхүүгийн урсгалтай тэмцэх; хөрөнгө буцаах хүчин чармайлтыг нэмэгдүүлэх, хулгайлагдсан хөрөнгийг хохирогч улсад буцааж өгөх; гадаад улсын удирдагчдын өндөр түвшний авлигад чиглэсэн; иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл болон хариуцлагын бусад төлөөлөгчдийг бэхжүүлэх; авлигатай тэмцэх арга хэмжээг гадаадын тусламжийн хөтөлбөрт тусгах; хахуулийн эрэлт талд анхаарлаа хандуулахыг олон улсын агентлаг, байгууллагуудад шахах; мөн авлигыг мөрдөн шалгадаг гадаадын хууль сахиулах байгууллагуудад үзүүлэх АНУ-ын тусламжийг нэмэгдүүлэх зэрэг юм.
Ерөнхийлөгч Байден авлигатай тэмцэх нь “АНУ-ын үндэсний аюулгүй байдлын үндсэн ашиг сонирхол” бөгөөд “ардчиллаа хадгалахад чухал ач холбогдолтой” гэж тунхаглахдаа дэлхийн хэлэлцүүлэгт нэгэн том санаа дэвшүүлсэн юм. Тэрээр клептократуудын эсрэг тулалдаанд Тагнуулын төв газар, Үндэсний аюулгүй байдлын агентлаг, Сангийн яам, цэргийнхэн зэрэг АНУ-ын Засгийн газрын бүх агентлагуудыг дайчлахыг үүрэг болгосон юм.
Вашингтон Пост сонины гадаад харилцааны тэргүүлэгч тоймч Дэвид Игнатиус “Хэрэв Байден нухацтай хандаж байгаа бол, шулуухан хэлэхэд энэ үнэхээр том “хэрэв” мөн бол, энэ нь АНУ-ын гадаад бодлогод мэдэгдэхүйц өөрчлөлт авчрах болно. Учир нь авлигад идэгдсэн дэлхийн олигархиуд доллараар бизнесээ хийдэг нь гашуун үнэн юм. АНУ-д бэлтгэгдсэн хуульчид халхавч компаниудыг бий болгодог; АНУ-д боловсрол эзэмшсэн банкирууд хөрөнгөө нуухад нь тусалдаг; АНУ-ын гадаад бодлого ихэнхдээ тэдний хулгайчийг хүлцэн тэвчдэг, бүр өөгшүүлдэг. Энэ бол үнэхээр эх орноосоо эхлэх ёстой загалмайтны аян дайн юм” гэжээ. Уг Санамж бичигт “Нэр нь үл мэдэгдэгч компаниуд, санхүүгийн ил тод бус систем, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчид нь хууль бус баялгийг зөөвөрлөх, угаах, тэр дундаа АНУ болон хууль дээдлэх зарчимд суурилсан бусад ардчилсан орнуудад үйл ажиллагаа явуулах боломжийг олгож байна” гэсэн нь АНУ энэхүү үл үзэгдэх залилангийн сүлжээг идэвхжүүлэхэд тусалж байгаагаа хүлээн зөвшөөрсөн хэрэг юм. Энэхүү санаачилга нь Женев, Кайманы арлууд, мөн Нью-Йорк хот зэрэг газарт байрлах зарим банкир болон хуульчдад хүндээр тусах ёстой гэж найдаж байгаагаа Дэвид Игнатиус бичсэн байна.
“Авлига бол бидний цаг үеийн дэлхийн бодит байдал юм. Хар нисдэг тэрэг хөлөглөсөн алан хядагч бүлэглэлүүд, корпорацууд, олон улсын байгууллагууд улс үндэстний эрх мэдлийг авсангүй. Харин улс дамнасан хулгайн эзэнт гүрнийг бий болгосон олигархи, луйварчдын анархи засаглал түүнийг халж орхисон” хэмээн Байдены санаачилгыг амжилттай хэрэгжүүлэх хэтийн төлвийн тухай "Авлигатай тэмцэх Байдены төлөвлөгөөнд шүд байх шиг байна. Хазаж чадна л гэж найдъя" нэртэй нийтлэлдээ Дэвид Игнатиус бичжээ.
Уг Санамж бичиг нь луйварчдын талаар илүү сайн тагнуулын мэдээлэл цуглуулах, тэдний компани, үйл ажиллагааг илчлэх, хулгайлагдсан хөрөнгийг буцаах шинэ арга хэрэгслийг санал болгож байна. Манай улс АНУ-ын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, ялангуяа, хөрөнгө буцаах ажиллагааны тал дээр эхний алхмууд хийгдсэн. Цаашид зөвхөн хөрөнгө буцаах төдийгүй авлигаас урьдчилан сэргийлэх, тэмцэх бусад чиглэлээр Ерөнхийлөгч Байдены засаг захиргаатай хамтран ажиллахад энэхүү Санамж бичиг өргөн боломж нээж өгч буй юм.
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ НЬ АНУ-ЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮНДСЭН АШИГ СОНИРХОЛ БОЛОХ ТУХАЙ САНАМЖ БИЧИГ
1-р хэсэг. Бодлого. Авлига нь олон нийтийн итгэлийг алдагдуулдаг; үр дүнтэй засаглалыг сулруулдаг; зах зээл, үйлчилгээний тэгш хүртээмжийг гажуудуулдаг; хөгжлийн хүчин чармайлтыг бууруулдаг; үндэсний хэврэг байдал, хэт даврагч үзэл, шилжилт хөдөлгөөнийг өөгшүүлдэг; мөн дэлхий даяар дарангуйлагч удирдагчдын ардчиллыг сүйрүүлэх арга хэрэгсэл болдог. Удирдагчид улс орныхоо иргэдээс хулгай хийх юм уу олигархиуд хууль дээдлэх ёсыг зөрчихөд эдийн засгийн өсөлт удааширч, тэгш бус байдал улам бүр нэмэгдэж, засгийн газарт итгэх итгэл буурдаг.
Зөвхөн санхүүгийн хувьд л гэхэд авлигын хохирол асар их байна. Авлигын үйлдлүүд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 2-5 хувийг эзэлдэг гэсэн тооцоо бий. Энэ зардал дэлхий даяар жигд хуваарилагддаггүй ч эрх мэдлээ хувийн ашиг сонирхлын үүднээс урвуулан ашиглах, төрийн өмчийг завших, хахууль болон бусад төрлийн авлигын хэлбэрүүд улс орон, нийгэм бүрт нөлөөлдөг. Эдгээр үйлдлээс олсон орлого нь улсын хилийг давж, анх үүссэн газраасаа хол байгаа эдийн засаг, улс төрийн тогтолцоонд ч нөлөөлж болзошгүй. Нэр нь үл мэдэгдэгч компаниуд, санхүүгийн ил тод бус систем, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчид нь хууль бус баялгийг зөөвөрлөх, угаах, тэр дундаа АНУ болон хууль дээдлэх зарчимд суурилсан бусад ардчилсан орнуудад үйл ажиллагаа явуулах боломжийг олгож байна.
Авлига нь Америкийн Нэгдсэн Улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн тэгш байдал, ядуурлын эсрэг болон хөгжлийн төлөөх дэлхий нийтийн хүчин чармайлт хийгээд ардчилалд өөрт нь заналхийлж байна. Гэхдээ авлигаас үр дүнтэй урьдчилан сэргийлж, тэмцэж, ил тод, хариуцлагатай засаглалын давуу талыг харуулснаар бид Америкийн Нэгдсэн Улс болон бусад ардчилсан орнуудын хувьд чухал давуу талыг баталгаажуулж чадна.
Энэхүү Үндэсний аюулгүй байдлын санамж бичгийг гаргахдаа би авлигатай тэмцэх үйл ажиллагааг Америкийн Нэгдсэн Улсын үндэсний аюулгүй байдлын үндсэн ашиг сонирхол гэж тодорхойлсон. Миний засаг захиргаа сайн засаглалыг дэмжих хүчин чармайлтыг удирдан чиглүүлэх болно; Америкийн Нэгдсэн Улсын болон дэлхийн санхүүгийн системд ил тод байдлыг бий болгоно; дотоодод болон гадаадад авлигаас урьдчилан сэргийлж, тэмцэнэ; мөн авлигачдыг үйл ажиллагаагаа хамгаалахад улам төвөгтэй болгоно.
2-р хэсэг. Стратеги. Иймд, би Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын туслах, Ерөнхийлөгчийн Дотоод бодлогын туслахтай хамтран Үндэсний аюулгүй байдлын санамж бичиг/ҮАБСБ-2 (Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тогтолцоог шинэчлэх)-ын хүрээнд агентлаг хоорондын шинжилгээ хийхийг Ерөнхийлөгчийн туслах, Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөд даалгаж байгаа ба Ерөнхийлөгчийн стратегийг боловсруулж, хэрэгжүүлснээр Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газрын дараах боломжийг нэмэгдүүлэх болно:
(a) Гүйцэтгэх засаглалын үндсэн хэлтэс, агентлагууд, тэр дундаа шинжилгээнд хамрагдсан болон доор жагсаасан агентлагуудын сайн засаглалыг дэмжих, авлигаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чадамжийг шинэчлэх, нэмэгдүүлэх, зохицуулах, нөөц бүрдүүлэх, бусад хэлбэрээр сайжруулах, үүнд шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжийг Конгресст санал болгох;
(b) Америкийн Нэгдсэн Улс болон олон улсын санхүүгийн систем дэх хууль бус санхүүжилтийн бүх хэлбэртэй тэмцэх, тэр дундаа Америкийн Нэгдсэн Улсын компаниуд өөрсдийн ашиг хүртэгч өмчлөгч буюу эзэмшигчийг Сангийн яаманд тайлагнаж байхыг шаарддаг Холбооны хуулийг баттай хэрэгжүүлэх; оффшор санхүүгийн нууцыг багасгах; мэдээлэл солилцох чадварыг сайжруулах; шаардлагатай бол шинэ шинэчлэл хийх хэрэгцээг тодорхойлох;
(c) Авлигач хүмүүс, үндэстэн дамнасан гэмт хэргийн байгууллага, тэдгээрийн зохион байгуулагчдад хариуцлага тооцох, түүний дотор, шаардлагатай бол, мэдээлэл солилцох, тагнуулын мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, эрүүгийн болон иргэний хууль сахиулах ажиллагаа, зөвлөгөө, шийтгэл болон бусад эрх бүхий байгууллагын тусламжтайгаар хулгайлагдсан хөрөнгийг илрүүлэх, царцаах, эргүүлэн авах; боломжтой бөгөөд тохиромжтой бол, буцаан авсан хөрөнгийг авлигын улмаас хохирсон иргэдийн ашиг тусын тулд эргүүлэн олгох;
(d) Авлигатай тэмцэх дэлхий нийтийн хэм хэмжээг тогтоох, хөрөнгө буцаах, санхүүгийн ил тод байдлыг дэмжих, нээлттэй засаглалыг сайшаах, хөгжлийн санхүүжилтийн төслүүд дэх авлигаас урьдчилан сэргийлэх санхүүгийн институцийн хүрээг бэхжүүлэх, мөнгө угаах, хууль бус санхүүжилт, хахууль, түүний дотор боломжтой бол, хахуулийн эрэлт талтай тэмцэхэд чиглэсэн дотоодын болон олон улсын институцууд, олон талт байгууллагуудын чадавхийг нэмэгдүүлэх;
(e) Авлигын чиг хандлагын талаар судалгаа, дүн шинжилгээ хийх, урьдчилан сэргийлэх, авлигыг мөрдөн шалгах, илрүүлэх үйл ажиллагааг дэмжих, удирдагчдад хариуцлага тооцох, засгийн газрын хариуцлага, шинэчлэлийн хүчин чармайлтыг мэдээлэх, дэмжихэд иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл болон бусад хяналт, хариуцлагын оролцогчдын чадавхийг дэмжиж, бэхжүүлэх, эдгээр оролцогчид дотоодод болон олон улсын хэмжээнд аюулгүй, нээлттэй үйл ажиллагаа явуулах орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллах;
(f) Гадаадын удирдагчид, гадаадын төрийн өмчит болон хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд, үндэстэн дамнасан гэмт хэргийн байгууллага, бусад гадаадын оролцогчид болон тэдгээрийн дотоодын хамтран ажиллагсдын стратегийн авлигатай тэмцэхийн тулд Америкийн Нэгдсэн Улс болон хилийн чанад дахь ардчилсан үйл явцад хөндлөнгөөс оролцоход эдгээр оролцогчдын ашиглаж буй цоорхойг хаах замаар олон улсын түншүүдтэй хамтран ажиллах;
(g) Авлигыг бууруулах хүсэл эрмэлзэлтэй байгаа гадаад орнуудад үзүүлэх мөрдөн шалгах, санхүү, техник, улс төрийн болон бусад тусламжийн Америкийн Нэгдсэн Улсын болон түншийн нөөцийг хурдан бөгөөд уян хатнаар нэмэгдүүлэх хүчин чармайлтыг өсгөх;
(h) Авлигатай тэмцэх болон засгийн газрын хөтөлбөр, бодлого, зардлын талаарх хүртээмжтэй, хэрэгцээтэй мэдээллээр иргэдээ хангах ил тод байдал, хяналт, хариуцлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд нь дотоодын (муж болон орон нутгийг оролцуулан) эрх баригчид, байгууллагууд, түүнчлэн түнш болон бусад гадаадын засгийн газруудад бүх түвшинд туслах, чадавхийг бэхжүүлэх;
(i) Авлигатай тэмцэх арга хэмжээг дэмжих, авлигаас урьдчилан сэргийлэх зорилгоор хувийн хэвшил, иргэний нийгмийн түншлэлийг дэмжих; болон
(j) Гадаадын тусламж, аюулгүй байдлын хамтын ажиллагааны үйл ажиллагаанд авлигаас урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг агуулсан шилдэг туршлага, хэрэгжилтийн механизмыг бий болгох.
3-р хэсэг. Агентлаг хоорондын шинжилгээ. Энэхүү санамж бичигт заасны дагуу агентлаг хоорондын шинжилгээнд шинжээчдийн судалгааны зөвлөмжийг харгалзан үзэж, дараах агентлаг, газрын төлөөлөгчдийг оролцуулна:
(a) Дэд Ерөнхийлөгчийн Тамгын газар;
(b) Төрийн департамент;
(c) Төрийн сангийн яам;
(d) Батлан хамгаалах яам;
(e) Хууль зүйн яам;
(f) Худалдааны яам;
(g) Эрчим хүчний яам;
(h) Дотоодын аюулгүй байдлын яам;
(i) Удирдлага, төсвийн алба;
(j) Нэгдсэн Үндэстний Байгууллага дахь АНУ-ын Төлөөлөгчийн газар;
(k) Үндэсний тагнуулын газрын даргын алба;
(l) Тагнуулын төв газар;
(m) Штабын дарга нарын нэгдсэн хорооны даргын алба;
(n) АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг; болон
(o) Үндэсний аюулгүй байдлын агентлаг.
Гүйцэтгэх яам, агентлагууд Ерөнхийлөгчийн туслах, Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөс агентлаг хоорондын шинжилгээтэй холбоотой мэдээлэл, дүн шинжилгээ, туслалцаа хүссэн бүх хүсэлтийг хариуцан ажиллана. Байгууллага хоорондын шинжилгээг энэхүү санамж бичигт гарын үсэг зурснаас хойш 200 хоногийн дотор хийж дуусгах бөгөөд Ерөнхийлөгчийн туслах, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх нар тайлан, зөвлөмжийг Ерөнхийлөгчид хүргүүлж цаашид чиглэл, арга хэмжээ авна.