Сурагчдад зориулан лекц уншив /2010.03.22/
Авлигатай тэмцэх газар цуврал лекц зохион байгуулж эхэллээ. Шударга байдал, зөв амьдралын зан үйл төлөвшүүлэх зорилгоор олон нийтэд зохион байгуулж буй цуврал лекцийн салхийг хагалж, Монгол Улсын гавьяат багш Ц.Түвшинтөгс “Хүүхэд өнөөдрийн иргэн” сэдвээр нийслэлийн 33 дугаар сургуулийн 4-8 дугаар ангийн сурагчдад лекц уншив. “Хүүхэд бол ирээдүйн иргэн гэж нийгэм судлаачдын хэлдэгтэй би санал нийлдэггүй. Хүүхэд бол өнөөдрийн иргэн. Харин ирээдүйдээ эрүүл саруул сэтгэлгээтэй, зөв шударгаар амьдрахын тулд өнөөдрөөс иргэн болж төлөвших хэрэгтэй” гэж үздэг Ц.Түвшинтөгс багш нийгэмшихүй, ухаажихуй, хөгжихүй зэрэг сэдвүүдээр таван үсгийн онч боловсруулснаа хүүхдүүдэд тайлбарлан ярилцсан юм.
Цуврал лекцийг зохиолч Б.Шүүдэрцэцэг залган авч, нийслэлийн 48 дугаар сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад “Аз жаргал ойрхон байдаг” сэдвээр лекц унших юм байна.
“Улаанбаатар” чуулгын концертийн танхимд үнэ төлбөргүй зохион байгуулж буй цуврал лекцийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад шударга ёс, ил тод байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь” төсөл санхүүжүүлж байгаа ажээ.