Jan 28, 2022         12

Б.БАЯРСАЙХАН: ДЭЛХИЙН 161 УЛС ОРОН ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН МЭДҮҮЛГИЙН ТОГТОЛЦООГ НЭВТРҮҮЛСЭН

iaac


Төрийн албан тушаалтнууд хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн мэдүүлж байгаа. Энэ ажлыг дэлхийн бусад улс орнууд хэрхэн хийдэг вэ? Олон улсын зохицуулалт ямар байдаг вэ? Манай улсын мэдүүлгийн тогтолцоог бусад улс орнуудтай харьцуулахад ямар вэ?     

                                                                                                        Сүхбаатар дүүргийн иргэн Г.Гантулга 


 

Дээрх асуултад АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Б.Баярсайхан дараах хариултыг өгөв:

-Манай улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийг 2005 онд соёрхон баталсан. Уг конвенцийн 8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Төрийн албан тушаалтан нь төрийн албан тушаалтны хувьд гүйцэтгэх чиг үүрэгтэй нь холбогдуулан сонирхлын зөрчил үүсгэж болох албан үүргээс гадуурх үйл ажиллагаа, ажил эрхлэлт, хөрөнгө оруулалт, хөрөнгө, том хэмжээний бэлэг буюу ашиг орлогын талаар эрх бүхий холбогдох байгууллагад мэдүүлж байх арга хэмжээ, тогтолцоог зохих тохиолдолд дотоодын хууль тогтоомжийнхоо тулгуур зарчимд нийцүүлэн тогтооно” гэж заасан байдаг. Өнөөдрийн байдлаар дэлхийн 187 улс орон энэхүү конвенцид нэгдсэн байна.

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба, Дэлхийн банкны хамтарсан “СтАР” санаачилгын гаргасан тайлангаас харахад дэлхийн 161 улс орон хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг тогтолцоог нэвтрүүлсэн байна. Улс орнуудын мэдүүлгийн тогтолцоо нь зөвхөн үндэслэлгүйгээр хөрөнгөжих явдлыг илрүүлэх, эсхүл зөвхөн ашиг сонирхлын зөрчлөөс хамгаалах, эсхүл аль алийг нь хамруулсан байдаг. Манай улсын хувьд дээрх хоёр зорилгын дагуу ХАСХОМ-ийг гаргаж байна.

Олон улсын байгууллагуудаас улс орнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн тогтолцоог нийтлэг таван багц шалгуураар үнэлдэг. Үүнд:

  • Өндөр эрсдэл бүхий албан тушаалтнуудыг хамруулсан эсэх;
  • Цогц хууль эрх зүйн орчин бүрдүүлсэн эсэх;
  • Цахим систем нэвтрүүлсэн, олон нийтэд нээлттэй эсэх;
  • Эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийдэг эсэх;
  • Хариуцлага хүлээлгэж чадаж байгаа эсэхэд нь тулгуурлан үнэлдэг.

Эдгээр арга зүйн дагуу манай улсын тогтолцоог 2019 онд олон улсын байгууллагын мэргэжилтнүүд ирж үнэлгээ хийсэн. Бидэнд цаашид боловсронгуй болгох асуудал байгааг зөвлөсөн. Тухайлбал хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягтыг боловсронгуй болгох, мэдүүлгийг цахим гарын үсгээр баталгаажуулах ажлыг эрчимжүүлэх, цахим системээ улам бүр боловсронгуй болгох, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг нэвтрүүлэх, оногдуулах хариуцлагын механизмыг оновчтой болгох зэрэг зөвлөмжийг өгсөн.

Бид энэ асуудлыг нэгбүрчлэн судалж холбогдох шийдвэрийг гаргуулах, ХАСХОМ-ийн тогтолцооны хүрээнд мөрдөгдөж буй хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, ХАСХОМ-ийн маягтыг шинэчлэх, мэдүүлэг гаргагчдын хүрээг оновчтой тогтоох, цахим системээ хөгжүүлэх ажлыг эхлүүлэн ажиллаж байна.

Ярилцлага

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us