Авлигатай тэмцэх газар, МҮОНРТ “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулав
Авлигатай тэмцэх газар, МҮОНРТ “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллаа. Талуудын хөгжилд шаардлагатай төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, инновацын хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэх зорилгоор байгуулсан уг Санамж бичгийн хүрээнд авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх, шударга ёсны зөв хандлага төлөвшүүлэх, авлигын талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, түүний хор уршиг, үр дагаврыг ухуулан таниулах зорилгоор нэвтрүүлэг, мэдээ мэдээлэл зэргийг МҮОНРТ-ийн эфир, үндэсний радио, нийгмийн сүлжээ зэрэг өргөн хүрээнд нийтэд түгээх, МҮОНРТ-ийн орон нутгийн болон мэдээний алба, уран бүтээлийн нэгдлээс нийгэмд авлигыг үл тэвчих соёлыг төлөвшүүлэх чиглэлээр уран бүтээл туурвих, контент, мэдээ, мэдээлэл бэлтгэх, боловсруулж, энэ чиглэлээр хамтран ажиллахаар болов.
Талууд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх чиглэлээр хамтран ажиллах арга хэмжээний төлөвлөгөөг Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж хэрэгжүүлэх бөгөөд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах, танин мэдүүлэх ажиллагааг нийгмийн хариуцлагын хүрээнд үнэ төлбөргүй нэвтрүүлэх юм байна.
“Хамтын ажиллагааны санамж бичиг”-т Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, МҮОНРТ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатар нар гарын үсэг зурав.
Санамж бичиг нь 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл гурван жилийн хугацаатай хэрэгжинэ.