Feb 17, 2022         3

Авлигатай тэмцэх газар газрын кадастрын нэгдсэн цахим системийг ашиглана

iaacАвлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга А.Энхманлай нар “Дундын мэдээллийн сан”-г албан хэрэгцээнд ашиглах зорилгоор хамтран ажиллах гэрээнд 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр гарын үсэг зурлаа.

Монгол Улсын хэмжээнд сая гаруй иргэн, хуулийн этгээд газрыг өмчилж, эзэмшиж, ашиглаж, газартай холбоотой төрийн үйлчилгээг авч байгаа бөгөөд газартай холбоотой бүх төрлийн мэдээлэл Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд төвлөрч байна. Энэхүү гэрээг байгуулснаар Авлигатай тэмцэх газар нь албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхол болон хөрөнгө орлогын мэдүүлэгт бүртгэгдсэн газрын лавлагаа, түүхчилсэн мэдээлэл, үнэлгээ, төлбөр, татварын мэдээлэл болон мөрдөн шалгах ажиллагаанд ашиглагдах нотлох баримт зэргийг цахим хэлбэрээр шууд авах боломж бүрдэж байна.

Авлигатай тэмцэх газар дээрх мэдээллүүдийг авахын тулд 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн газрын асуудал эрхэлсэн байгууллагуудад албан бичгийг цаасаар хүргэж, энэ ажилд 5-10 хоног зарцуулдаг байв.

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар нь газрын харилцаатай холбоотой төрийн үйлчилгээг хурдан шуурхай, хүндрэл чирэгдэлгүй, хүнд сурталгүй үзүүлэх, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор Улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Чөлөөт бүсүүдийн захиргаа, Монголын нотариатчдын танхим, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зэрэг хувь хүний нууцтай холбоотой үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудтай дундын мэдээллийн санг байгуулж хууль, эрх зүйн хүрээнд хамтран ажиллах гэрээг байгуулан ажиллаж байна. “Дундын мэдээллийн сан” байгуулж хамтран ажилласнаар төрийн байгууллага хоорондын ажлын уялдааг хангаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдээллийг цахим хэлбэрээр солилцож үйл ажиллагаандаа ашиглах, төрийн үйлчилгээг хялбаршуулах боломж бүрдэнэ.

Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал, Засгийн газраас байгуулагдсан Авлигын индексийн үзүүлэлтийг сайжруулах ажлын хэсгийн үйл ажиллагааны нэг чиглэл нь төрийн үйлчилгээг цахимжуулах бөгөөд энэ хүрээнд газартай холбоотой бүх төрлийн мэдээлэл, үйлчилгээг цахимжуулсан нь үр дүнтэй байгааг тэмдэглээд цаашид иргэн бүрд хүртээмжтэй байхад анхаарч ажиллах нь нэн чухал болохыг онцлов.    

Гэрээ байгуулах уулзалтад Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын кадастрийн хэлтсийн дарга П.Баянтүмэн, Орон зайн мэдээлэл технологийн хэлтсийн дарга П.Нямдаваа нар оролцов.

 

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us