Ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан Ө.Нарантуяаг албан тушаалаас чөлөөлсөн байна
Авлигатай тэмцэх газарт иргэнээс ирүүлсэн “Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Хот тохижилтын газрын дарга Ө.Нарантуяа нь тухайн албан тушаалын шаардлагыг хангахгүй хүн юм. Намын шугамаар 2 удаа сонгогдон ажиллаж байна. Тус албыг өөрийн хамаарал бүхий этгээдүүдээр дүүргэж байгаа тул уг асуудлыг шалгаж өгнө үү” гэх гомдол, мэдээллийг Авлигын эсрэг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 28 дугаар зүйлийн 28.1.2-т заасныг үндэслэн хянан шалгав.
Шалгалтаар “Замын-Үүд нийтийн аж ахуй үйлчилгээ” ОНӨХХК-ийн захирал Ө.Нарантуяа нь өөрийн төрсөн дүү Ө.Энхтуяаг ажилд томилох шийдвэр гаргасан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасныг, түүнчлэн дээрх шийдвэрийг гаргахын өмнөхуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй” гэснийг тус тус зөрчсөн байх тул хуульд заасан хариуцлага тооцуулахаар Авлигатай тэмцэх газраас 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 05/1598 дугаартай албан бичгийг Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргалд хүргүүлсэн.
Дорноговь аймгийн Засаг даргын захирамжаар Ө.Нарантуяаг “Замын-Үүд нийтийн аж ахуй үйлчилгээ” ОНӨХХК-ийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.