Баян-Өлгий аймгийн удирдлагууд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байхаа илэрхийлэв
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний дарга, эрхэлсэн комиссар Т.Энхболд, Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очир нар Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед нартай 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр уулзаж, Баян-Өлгий аймагт гарч байгаа нийтлэг зөрчил, уг зөрчлийг давтан гаргахгүй байхад анхаарах, удирдах албан тушаалтны ёс зүй, манлайлал, үүрэг хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр ярилцлаа.
Авлигатай тэмцэх газарт 2021 онд иргэдээс ирүүлсэн авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах нийт гомдол, мэдээллийн 48 хувийг нийслэл, дүүргээс, 52 хувийг хөдөө, орон нутгаас ирүүлсэн байна. Орон нутгаас ирүүлсэн гомдол, мэдээллүүдийг харвал сүүлийн хоёр жилийн хугацаанд Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Архангай аймгийн иргэдээс өргөдөл, гомдол, мэдээлэл түлхүү ирсэн байх бөгөөд ялангуяа Баян-Өлгий аймгийн иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн тоо бусад аймгуудаас харьцангуй өндөр хувийг эзэлж байна. Тухайлбал, 2020 онд аймаг, орон нутгаас ирүүлсэн гомдол, мэдээллийн 11.6 хувь, 2021 онд ирүүлсэн гомдол, мэдээллийн 23,4 хувь нь Баян-Өлгий аймгийн албан тушаалтнуудын ашиг сонирхлын зөрчилд хамаарч байна.
Баян-Өлгий аймгийн иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дийлэнх хувийг хууль бус томилгоотой холбоотой болон албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй, этгээдийг нийтийн албанд томилсон, ялангуяа сумдад томилогдсон сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч нарын томилгоотой холбоотой асуудал болон төсвийн хөрөнгийн зарцуулалт, тендер, худалдан авах ажиллагаа, төрийн албан хаагчийн үйл ажиллагаа, орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалт, хамаарал бүхий этгээдтэй холбоотой тушаал шийдвэр гаргасан гэх гомдол, мэдээлэл дийлэнх хувийг эзэлж байна. Томилгоотой холбоотой асуудлаар Баян-Өлгий аймгийн Толбо, Цэнгэл, Баяннуур сумын иргэдээс түлхүү гомдол ирүүлжээ.
Уулзалтын явцад Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан, 2021 онд Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд анхаарч ажилласнаар бүх сумдад хөрөнгө тавиулж цахим мэдээллийг олон нийтэд хүргэж, төрийн үйлчилгээг нээлттэй, ил тод болгоход анхаарч ажилласан талаар яриад авлигын эсрэг хууль тогтоомжид заасан авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийг онцгойлон хэрэгжүүлж ажиллахаа илэрхийлэв.
Мөн тус аймагт гарч байгаа нийтлэг зөрчил, уг зөрчлийг давтан гаргахгүй байхад анхаарах, Авлигатай тэмцэх газрааc холбогдох сургалт, арга зүйн зөвлөмжийг тухай бүрт хүргэх, цаашид нийтийн албан тушаалтан нь хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг бүрэн хэрэгжүүлэх, анхан шатны нэгж буюу сумдын удирдлагад авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд хяналт тавьж, дахин зөрчил дутагдал гаргахгүй байхад анхаарч ажиллахаа аймгийн удирдлагын зүгээс илэрхийллээ.