Аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдөөс хөрөнгө орлогын мэдүүлэг авдаг болно /2010.01.28/
Авлигатай тэмцэх газарт төрийн өндөр албан тушаалтнууд хөрөнгө орлогын мэдүүлэг өгдөг. Хэдийгээр хөрөнгө орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хадгалах журмыг хоёр жилийн өмнө баталсан ч учир дутагдалтай байна.
Тиймээс Авлигатай тэмцэх газар уг журамд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг 2010 оны нэгдүгээр сарын 26-нд УИХ-д оруулсан ч Хуульзүйн байнгын хороогоор асуудлыг хэлэлцээд хаврын чуулган хүртэл хойшлууллаа. Ингэснээр төрийн албан хаагчид хуучин журмын дагуу хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөх юм. Хөрөнгө орлогоо мэдүүлэх хуулийн хугацаа ирэх сарын 15-нд дуусах учраас шинэ журам мөрдөх боломжгүй болж байгаа юм.
Байнгын хорооны гишүүд АТГ-аас оруулсан мэдүүлэг авах журмын төслийг ойлгомжтой, тодорхой болсон хэмээн ам сайтай байв.
Ерөнхийлөгчийн болон УИХ-ын сонгуульд оролцон сонгогдсон хүмүүсийн хөрөнгө орлогын мэдүүлгийг 14 хоногийн дотор Авлигатай тэмцэх газарт ирүүлдэг байсныг Сонгуулийн ерөнхий хороонд нууцлан ирүүлнэ гэх зэргээр шинэ журамд тусгажээ. Хөрөнгө орлогын маягтад нэмж тусгасан зүйлс цөөнгүй. Тухайлбал, их хэмжээний үнэлгээтэй үнэт эдлэл, урлагийн бүтээл, авлага, бэлэн мөнгө, харилцах данс, төлбөрийн картын үлдэгдлээ бичнэ. Мөн гарын үсэг зурж иргэний үнэмлэх, регистийн дугаар зэргийг тусгахаар оруулсан байна. "Мэдүүлгээ үнэн зөв, бүрэн мэдүүлсэн" гэсэн үгийг маягтын хуудас бүрт оруулж гарын үсэг зуруулахаар болсон нь хөрөнгө орлогын мэдүүлгээ худлаа, дутуу мэдүүлэхээс зайлсхийх ач холбогдолтой болжээ.