МЭНДЧИЛГЭЭ
Улс орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлууд Та бүхэндээ Олон улсын ахмадын өдрийн халуун мэндийг хүргэе.
1990 онд НҮБ-аас 10 дугаар сарын 1-ний өдрийг Олон улсын ахмадын өдөр, 1992 онд Монгол Улсын Засгийн газраас мөн өдрийг Монголын Ахмадын өдөр болгон зарлаж байсан бөгөөд энэ жил дэлхий нийтээрээ 31 дэх жилдээ, манай улсын хэмжээнд 29 дэх жилдээ тэмдэглэж байна.
Авлигатай тэмцэх газар нь авлига, албан тушаалын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх чиглэлээр тодорхой ахиц дэвшил гарган ажиллаж байна. Үүний үр дүнд Салхитын мөнгөний орд газартай холбоотой авлигын хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад 1.4 сая ам.долларыг эд мөрийн баримтаар хураан авснаа энэ оны 4 дүгээр сард төрийн сан дахь төсвийн орлогын дансанд шилжүүлсэн юм. Ингэснээр тэтгэврийн зээлтэй ахмад настнуудын тэтгэврийн зээлийг нэг удаа чөлөөлсөн нь Монгол Улс түүхэндээ анх удаа байгалийн баялгийн үр өгөөжийг ард иргэддээ шууд хэлбэрээр хүртээсэн сайн жишиг болсон билээ.
Ахмад настан Та бүхнийхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, жигд хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө Авлигатай тэмцэх газрын хамт олон хуулиар хүлээсэн чиг үүргийн болон нийгмийн хариуцлагын хүрээнд оновчтой, шийдвэртэй бүтээлч ажлуудыг хийх болно.
Төр, түмнийхээ түшиг болсон ахмад настан буурлууддаа эрүүл энх байж, урт удаан наслахын өлзий дүүрэн ерөөлийг өргөн дэвшүүлье.
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДАРГА, ТЭРГҮҮН КОМИССАР ЗАНДРААГИЙН ДАШДАВАА
2021.10.01