МЭНДЧИЛГЭЭ
Цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн, үе үеийн ахмад ажилтнууд, залуу халаа албан хаагчид та бүхнийхээ түмэн амгаланг айлтгаж, налгар намрын энэхүү өдрийн мэндийг дэвшүүлье.
Нийгмийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж буй, төрийн тусгай байгууллагын чадварлаг, дайчин, эрэлхэг зоригтой, хүнлэг албан хаагчид та бүхэн өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орон, ард түмнийхээ аюулгүй байдал, амар тайван амьдралын манаанд цаг наргүй, цуцалтгүй зогсож, иргэдийн үндсэн эрх, эрх чөлөөг хангахын төлөө хуулиар хүлээсэн үүргээ “Бүтэн зууны” турш нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай, амжилттай биелүүлсээр ирлээ.
Монгол Улсынхаа өнцөг булан бүрт, иргэн бүрт амар тайван, аюулгүй байдлын төлөө цаг мөч бүртэй уралдан, халуунд халж, хүйтэнд хөрч, ар гэр, алаг үрс, аав, ээж, хайртай, үнэ цэнэтэй бүхнээ умартан хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэнд та бүхэнд талархахын зэрэгцээ түүхэн ойгоо амжилт, ололтоор дүүрэн угтаж байгаа гэдэгт итгэлтэй байна.
Монгол төрийн цагдаагийн алба хаагчид хуулиар хүлээсэн чиг үүргээ иргэд, олон нийтийн дэмжлэг туслалцаанд түшиглэн, нэр төртэй биелүүлж ирснийг баярын энэ өдөр тэмдэглэн хэлье.
Цагдаагийн байгууллагын хууль сахиулах үйл ажиллагаа улам бүр төгөлдөржин, иргэдийн эрх эрх чөлөөг хамгаалах, хууль ёсыг сахиулахад чиглэгдсэн зорилго, үр нөлөө та бидний үйл ажиллагаанаас тодоос тод, хурцаас хурц олон нийтэд харагдаж, мэдрэгдэж байх учиртай.
Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн цаашид ч төр, засгийн бодлого шийдвэр, хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж, ард иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө бүхий л боломж нөхцөлөө дайчлан ажиллана гэдэг итгэлтэй байна.
Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан улс нийгэм ард иргэдийнхээ аюулгүй байдал, энх амгаланг сахиулах үйлсэд мэдлэг чадвар, бие сэтгэлээ зориулан хүчин зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлууд, тэдгээрийн залгамж халаа болсон нийт алба хаагчид, олон улсын энхийг дэмжих ажиллагаанд улс, эх орноо төлөөлөн оролцож байгаа энхийг сахиулагчид, тэдний гэр бүл, үр хүүхдүүд, хамтран ажилладаг байгууллага, хамт олон, та бүхэнд чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлж байна.
Монгол төрийн түшиг болсон Цагдаагийн байгууллагын нийт хамт олонд эрүүл энх, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсч, сүр хүч, өөдөө хийморьтой байж, өнөд мөнх, үргэлжид мандан бадрахыг ерөөе.
Хүндэтгэсэн,
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДАРГА, ТЭРГҮҮН КОМИССАР З.ДАШДАВАА
2021.09.14