“Боловсролын салбарт шударга ёсыг бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг болов /2010.02.01/
Авлигатай тэмцэх газар “Боловсролын салбарт шударга ёсыг бэхжүүлэх нь” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хурлын танхимд өнөөдөр зохион байгууллаа. Боловсролын салбар дахь авлигын эрсдэл, учирч буй хүндрэл бэрхшээл, тэдгээрийг арилгах арга замыг тодорхойлох зорилгоор зохион байгуулж буй энэхүү нээлттэй хэлэлцүүлэгт их, дээд болон мэргэжлийн сургууль, ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлууд, цэцэрлэгүүдийн эрхлэгч, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Сангийн яам, Нийслэлийн Боловсрол, соёлын газрын холбогдох албан тушаалтнууд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэл, Багш нарын холбооны төлөөлөл оролцов.
Нээлттэй хэлэлцүүлгийн үеэр “Багш авлига авдаг уу”, “Мэргэжлийн болон их, дээд сургуулиудад үүсч буй авлигын шалтгаан, нөхцөл”, “2009 оны боловсролын салбар дахь төсвийн зарцуулалт, төсөл, хөтөлбөрийн дүн” зэрэг сэдвээр холбогдох албаны хүмүүс илтгэл тавьж, хэлэлцүүлсэн юм. Авлигатай тэмцэх газрын зохион байгуулсан энэ удаагийн хэлэлцүүлгийг багш, мэргэжилтнүүд цаг үеэ олсон асуудлаар нүүр нүүрээ харан ярилцах бололцоо олгож, боловсролын салбарт тулгамдаж байгаа бэрхшээлийг даван туулах арга замаа тодорхойлоход тустай арга хэмжээ боллоо хэмээн талархлаа илэрхийлж байв. Хэлэлцүүлэгт оролцогчид хүүхдийн эрүүл орчинд суралцах нөхцөлийг сайжруулах, боловсролын салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх, бэлэгний зохицуулалтыг нарийвчлан тогтоож өгөх, эцэг эх-хүүхэд-багшийн гурвалсан холбоог бататгах, тэдний харилцан ойлголцлыг бий болгох, дунд сургуулийн захирлуудын ажлыг үнэлэх арга барилыг өөрчлөх, төсөв хөрөнгийг үр ашигтай зарцуулах, боловсролын салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй ил тод мэдээлдэг байх, захирлын томилгоог улс төрөөс хараат бус болгох, хүүхдээ сурч боловсроход эцэг, эхчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх зэрэг тодорхой саналууд хэлж, энэ талаар зөвлөмж боловсруулан Засгийн газарт уламжлахаар тогтов.