“Шунхлай” ХХК-ийн ажилтнуудыг авлигаас урьдчилан сэргийлэх сургалтад хамруулав
2017 оноос мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад хуулийн этгээд буюу компани, аж ахуйн нэгж болон түүний удирдах, гүйцэтгэх албан тушаалтан авлигын гэмт хэргийн субъект болж хуульчлагдсан. Мөн авлигын гэмт хэргийг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болгосон буюу материаллаг хохирол шаардахгүй, өөртөө болон бусдад давуу байдал олгосноор гэмт хэрэг гэж тооцохоор өөрчилсөн нь хувийн хэвшлийнхэн зайлшгүй анхаарах, уншиж судлах шаардлагыг бий болгож байгаа юм.
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс үүдэн бизнесийн үйл ажиллагаа, нэр хүндэд учрах аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, авлигын хор хөнөөлөөс ангид байх зорилгоор хувийн хэвшлийн байгууллагууд авлигын эсрэг сургалтад хамрагдах хүсэл, сонирхол улам нэмэгдэж байна. Тухайлбал, “Шунхлай” ХХК-иас авлигын эсрэг сургалтад хамрагдах хүсэлт ирүүлсний дагуу удирдах албан тушаалтнуудын болон салбар нэгжүүдийн ажилтнуудын сургалтыг 2 дахь удаагаа зохион байгууллаа. 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр шатахуун түгээх станцын 80 гаруй эрхлэгчдэд авлигын эсрэг хууль тогтоомж, бизнесийн ёс зүй, авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хувийн хэвшлийн байгууллага, албан хаагч нарт анхаарах асуудлын талаарх мэдлэг олгож, тэдний сонирхсон асуултад хариулав.
Авлигатай тэмцэхэд хувийн хэвшлийн байгууллагуудын үүрэг оролцоо чухал бөгөөд Авлигатай тэмцэх газраас хувийн хэвшлийн байгууллагуудын санал санаачилгыг дэмжиж, авлигын эрсдэлийг бууруулах, өрсөлдөөний шударга байдлыг хангах, бизнесийн ёс зүйг дээшлүүлэхэд анхаарч ажилладаг юм.