Sep 24, 2021         3

“МОНГОЛ УЛСАД ЭЦСИЙН ӨМЧЛӨЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ ДЭМЖИХ АРГА ЗАМ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Эцсийн өмчлөгчийн ил тод байдал нь олборлох салбарын шударга байдалд иргэд, төр, засаг, салбарын оролцогч тал болон санхүүжүүлэгчид итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тухайн улсын эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр болж байдаг. Олон улсын хөрөнгө оруулагч, зээлдүүлэгчдийн зүгээс салбарын болон холбогдох үйл ажиллагааны ил тод байдлыг сайжруулах шаардлагыг тавьдаг нь үүнтэй холбоотой гэж үзэж болно.

Дээрх нөхцөл байдлыг харгалзан Монгол Улсын холбогдох байгууллага, судлаач, шинжээч, зөвлөхүүдээр ил тод байдлын өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох, цаашдын зорилт, арга хэмжээг төлөвлөх зорилгоор судалгааг хийлгүүлэх, үр дүнг хэлэлцэх зэрэг арга хэмжээг үе шаттай зохион байгуулж байна.

Улс орнууд авлига, мөнгө угаах болон татвараас зайлсхийх гэх мэт гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргийн гаралтыг багасгах арга замыг түлхүү хайж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд компаниудын ашгийг хүртэж буй жинхэнэ эздэд анхаарал хандуулах болжээ.

Энэ удаа LTRC болон “Транспарэнси интернэшнл Монгол ТББ, Авлигатай тэмцэх газар хамтран “Монгол Улсад эцсийн өмчлөлийн ил тод байдлыг дэмжих арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн төвд зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг нээж Брүүкинс институдын дэргэдэх “Ил тод байдлыг дэмжих замаар авлигатай тэмцэх”(LTRC) төслийн гүйцэтгэх захирал Марио Пикон, “Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Мөнхжаргал нар үг хэлж, LTRC байгууллагыг танилцуулан, Монгол Улсад эцсийн өмчлөлийн ил тод байдлын санаачилгын хэрэгжилтийн талаар мэдээлэл хийв.

“Монгол Улсад эцсийн өмчлөлийн ил тод байдал: Урагшлах арга зам” LTRC байгууллагын төслийн багийн зөвлөх судлаач Mайкл Бэрон, Тим Ло, Ц.Батсугар нар судалгааны тайланг танилцуулав. Судлаачид Монгол Улс дахь эцсийн өмчлөгчийн ил тод байдлын өнөөгийн нөхцөлд дүн шинжилгээ хийсний зэрэгцээ эцсийн өмчлөгчийн мэдээллийг цуглуулах, хадгалах, хянан баталгаажуулах, нийтэд ил болгох чиглэлээр Засгийн газар, хууль тогтоогчид, иргэний нийгмийн байгууллагууд болон бизнесийн салбарынхны авч хэрэгжүүлбэл зохих ажлын санал, зөвлөмжийг багтаажээ. Энэхүү тайлан нь Монгол Улсад эцсийн өмчлөгчийн мэдээллийг ил тод болгох үр дүнтэй экосистем бүрдүүлэхийн тулд оролцогч талуудтай хамтран тодорхойлсон өргөн хүрээний асуудлыг тусгаснаараа онцлог юм.

Монгол улс нь уул уурхайн салбартаа хөрөнгө оруулалт, санхүүжилт татах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн хэрээр ил тод байдлын шаардлагуудыг өргөн хүрээнд хангах, нэн ялангуяа олборлох салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн эцсийн өмчлөгчийг ил болгох тал бүрийн хүлээлтэд нийцэх шаардлага үүсэн гарч байгааг судлаачид цохон тэмдэглэж, тодорхой чиглэлээр зөвлөмж гаргасныг танилцуулав.

Мөн Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгээс Уул уурхайн салбарын авлигын эрсдэл тодорхойлох судалгааг гүйцэтгэсэн бөгөөд тус хүрээлэнгийн судлаач С.Боргилоор ахлуулсан судалгааны баг олборлох салбарт ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны “хүрээ”-нд хамаарах авлигын талаарх нарийвчилсан судалгааны үр дүнг танилцуулж, оролцогчидтой санал солилцлоо.

Тус хэлэлцүүлгийн үр дүнг үнэлэн Брүүкинс институтын дэргэдэх LTRC төслийн гүйцэтгэх захирал Марио Пикон хэлсэн үгэндээ “эцсийн өмчлөгчийн асуудлыг авлигатай холбон харж байгаа нь хамгийн зөв чиглэл юм аа. Энэ чиглэлээр цаашид хамтран ажиллаж олон улсын туршлагыг хуваалцана. Монгол улс эрх зүйн орчноо боловсронгуй болгоход туслалцаа үзүүлнэ” хэмээн тэмдэглэв.

Тус хэлэлцүүлэгт LTRC байгууллага, Barron consulting байгууллага, Авлигатай тэмцэх газар, Татварын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг төрийн холбогдох байгууллагын төлөөлөл оролцож, судалгааны дүнг хэлэлцсэн юм.  

iaac

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us