Sep 09, 2021         3

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа шинээр томилогдсон Олон нийтийн зөвлөлийн дарга, гишүүдийг хүлээн авч уулзав

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа шинээр томилогдсон Олон нийтийн зөвлөлийн дарга, гишүүдийг 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр “Олон нийтийн төв”-д хүлээн авч уулзав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Авлигатай тэмцэх газрын дэргэдэх орон тооны бус Олон нийтийн зөвлөлийн бүрэлдэхүүнд дараах хүмүүсийг гишүүнээр томилжээ. Үүнд:

  1. Г.Баасан                           Хуульч, өмгөөлөгч   
  2. Х.Бат-Ялалт                    “Иргэний шударга шүүх” ТББ-ын тэргүүн
  3. А.Баянмөнх                      “Азийн сан” ТББ-ын менежер
  4. Ц.Батболд                       “Арц суварга” ХХК-ийн нярав
  5. П.Бадамрагчаа                “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын хөтөлбөрийн менежер
  6. Г.Баярсайхан                   “Шударга ёс” бүлгэмийн тэргүүн
  7. Б.Баттөр                           Эдийн засагч
  8. Г.Ганбат                           Эх орончдын нэгдсэн намын дарга
  9. Д.Гантөмөр                      Багш
  10. Д.Даваадорж                   “Эрдэс Оюу Толгой” ХХК-ийн зөвлөх
  11. Э.Мөнхжаргал                 “Транспэрэнси интернэшнл Монгол” ТББ-ын дэд захирал
  12. Ц.Нарангэрэл                  Философич
  13. М.Отгонбаяр                   “Өшиг” ХХК-ийн ерөнхий захирал
  14. Л.Оюунтунгалаг              Хэвлэл мэдээллийн зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн
  15. Б.Отгон                            Сэтгүүлч

Тэд авлигатай тэмцэх ажилд олон нийтийн оролцоо, хяналтыг бий болгох боломж, арга замын асуудлаар харилцан ярилцаж, санал бодлоо солилцов.

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны онцлог, авч хэрэгжүүлсэн зарим томоохон арга хэмжээний талаар товч танилцуулаад “Манай улс авлигын индексийн үзүүлэлтээр 35 оноогоор 111 дүгээр байранд жагссан. Авлигын индексийг сайжруулах, авлигатай тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий төрийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг Засгийн газраас байгуулан ажиллаж байгаа. Өнөөдөр Олон нийтийн зөвлөл шинээр бүрэлдэн байгуулагдсан нь цаг үеэ олжээ гэж харж байна. Авлигыг үүсгэж байгаа хөрс суурийг арилгахад та бүхэн иргэд, олон нийтийг төлөөлөл болж дуу хоолойгоо нийгэмд хүргэн, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа болон судалгаа шинжилгээг үр дүнтэй явуулахад хамтран ажиллахад томоохон бодит хүч болно” гэдгийг онцлон тэмдэглэв.

Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Ганбат “Авлигатай хийх тэмцэл нь дан ганц Авлигатай тэмцэх газрын ажил биш. Авлигатай тэмцэх нь нийт ард түмний оролцоо байдаг. Энэ үйл ажиллагаанд нийт ард түмнээ төлөөлөх, соён гэгээрүүлэх, авлигатай тэмцэх ажилд оролцуулах үүрэг хүлээсний хувьд Олон нийтийн зөвлөл нь хууль дээдэлж, ёс суртахуунтай, хариуцлагатай, идэвх санаачилгатай ажиллаж, нийгмийг хорт хавдраас салгахад хүч чадлаа дайчлан Авлигатай тэмцэх газрыг дэмжиж, хамтарч, ойлголцож ажиллах болно” гэв.

Авлигатай тэмцэх газрын дэргэд орон тооны бус Олон нийтийн зөвлөл ажиллах хуультай бөгөөд Авлигын эсрэг хуулийн 27 дугаар зүйлд зааснаар авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зөвлөмж өгөх зорилготой юм. Авлигатай тэмцэх газрын дэргэд 2007 оноос ажиллаж эхэлсэн Олон нийтийн зөвлөлийн 5 дахь удаагийн бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар томилжээ. Тус зөвлөл нь 15 гишүүнтэй бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч 4 жилийн хугацаагаар томилдог. Олон нийтийн зөвлөлийн 2017 онд томилогдсон гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн томилсон байна.

Уулзалтад Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн, Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Шинэбаяр нар оролцов.

iaac

iaac

iaac

iaac

iaac

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us