АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ МОНГОЛ УЛС ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран, дэд суурин төлөөлөгч Деклан Магий нарыг хүлээн авч уулзлаа.
Азийн хөгжлийн банк нь Авлигатай тэмцэх газартай хамтран Монгол Улсын авлигатай тэмцэх тогтолцоог сайжруулах техникийн туслалцааны төслийг 2018 оны 12 дугаар сараас хойш амжилттай хэрэгжүүлж байна. Уг төсөл нь авлигын гэмт хэрэг шийдвэрлэлтийн урсгалд дэлгэрэнгүй дүн шинжилгээ хийх, шүүгч, прокурор, хууль сахиулагчдын мэргэжлийн чадавхийг бэхжүүлэх, сургалтад хамруулах, гарын авлага боловсруулах, хууль тогтоомжид оруулах өөрчлөлтийн төсөл, авах арга хэмжээний зөвлөмж боловсруулж, авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх зорилготой юм.
Уулзалтын үеэр Эрхэлсэн комиссар Г.Азжаргал байгууллагын үйл ажиллагаа, авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах орчин үеийн олон улсын сайн туршлага, богино болон урт хугацаанд хийхээр төлөвлөсөн ажлуудыг танилцуулав.
Суурин төлөөлөгч Павит Рамачандран Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа, өнгөрсөн хугацаанд авлигын гэмт хэргийн хөрөнгө буцаах чиглэлээр хүрсэн үр дүнг өндрөөр үнэлж, цаашид авлигатай тэмцэхэд өргөн хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийлэв.