“Шударга ёсны эрэлд” сэдэвт уралдааны дүн гарлаа /2009.12.08/
Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан Авлигатай тэмцэх газар, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад шударга ёс, ил тод байдлыг бэхжүүлэх” төсөл хамтран сонин хэвлэлийн сэтгүүлч, сурвалжлагчдын дунд зохион байгуулсан “Шударга ёсны эрэлд” сэдэвт нийтлэл, сурвалжлагын уралдааны дүн гарлаа.
Уралдааны тэргүүн байрыг “Үндэсний шуудан” сонины Улс төрийн мэдээллийн албаны дарга Б.Түвшинтөгс “Та авлигагүй бүсэд нэвтэрлээ” нийтлэлээрээ эзэлж, “Нийгмийн толь” сонины сурвалжлагч Г.Долгорсүрэн, “Үнэн” сонины Улс төрийн мэдээллийн албаны дарга Д.Элбэрэл нар удаалав. Тусгай байрыг “Нийгмийн толь” сонины сурвалжлагч Б.Өлзийдэлгэр, “Зууны мэдээ” сонины сурвалжлагч Д.Болормаа нар эзэлсэн байна. Сэтгүүлч, сурвалжлагчдаа амжилттай зохион байгуулж оролцуулсан “МОНЦАМЭ мэдээ” сонины редакцийг 1.209.000 төгрөгөөр шагнаж урамшуулахаар шийдвэрлэжээ. Шагналыг Авлигын эсрэг олон улсын өдөр буюу 12 дугаар сарын 9-нд гардуулах юм.
Их, дээд сургууль, коллежийн оюутнуудын дунд зарласан шударга ёсны сэдэвт илтгэлийн уралдааны I шатны шалгаруулалт дуусч, шилдэг 10 илтгэлийн эзэд өнөөдөр МУИС-ийн дугуй танхимд 14 цагт хэлэлцүүлэх ажээ.