Jul 10, 2021         3

Авлигатай тэмцэх газрын дэд даргаар Г.Азжаргал томилогдлоо

Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Авлигатай тэмцэх газар дэд даргатай байна. Дэд даргыг Авлигатай тэмцэх газрын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно.”, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт “Авлигатай тэмцэх газрын ... дэд дарга энэ хуулийн 19.1-д зааснаас гадна дараах шаардлагыг хангасан байна:”, 21.3.2-т “Авлигатай тэмцэх газрын дэд дарга төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг, туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй.” гэж заасныг баримтлан хуульд заасан холбогдох шаардлагыг хангаж байгаа тус газрын Гүйцэтгэх ажлын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Гаваасүрэнгийн Азжаргалыг Авлигатай тэмцэх газрын дэд даргын албан тушаалд дэвшүүлэн томилуулах саналыг  Авлигатай тэмцэх газрын дарга Улсын Их Хуралд хүргүүлсэн билээ. 

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос Авлигатай тэмцэх газрын дэд даргын албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг зохион байгуулж, Улсын Их Хурлын чуулганы 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжсэнээр Гаваасүрэнгийн Азжаргалыг Авлигатай тэмцэх газрын дэд даргаар томиллоо. 

Гаваасүрэнгийн Азжаргал нь 1984 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. 37 настай. Яс үндэс халх, Дээд боловсролтой, Хуульч мэргэжилтэй. Орос, англи хэлтэй.  Ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. 

1992-2002 онд Ерөнхий боловсролын дунд сургууль

2002-2007 онд ОХУ-ын Санкт-Петербург Дотоод явдлын яамны дээд сургууль төгссөн. Хуульч мэргэжилтэй. 

2011 онд АНУ-ын Ази-Номхон далайн аюулгүй байдлын судалгааны төв (Asia-Pacific Center for Security Studies буюу товчоор APCSS)-д терроризмтэй тэмцэх чиглэлээр;  

2013 онд АНУ-ын Холбооны мөрдөх товчоо (FBI)-ны академид үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр; 

2017 онд ОХУ-ын Аюулгүй байлын Албаны академи (Академия Федеральной службы безопасности России)-д тус тус суралцаж мэргэжил дээшлүүлсэн.  

Эрхэлсэн ажил:

2002-2007 онд цагдаа-сонсогч;

2007-2014 онд ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газарт төлөөлөгч, ахлах төлөөлөгч;

2014-2016 онд ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын 3-р хэлтсийн тасгийн дарга;

2016-2018 онд Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтэст тасгийн дарга,

2018 оны 03 дугаар сараас Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтсийн даргаар дэвшин томилогдож одоог хүртэл ажиллаж байна. 

Эрхэлсэн комиссар Г.Азжаргал нь Цагдаагийн байгууллагад 9 жил, Авлигатай тэмцэх газарт 5 дахь жилдээ, хууль сахиулах байгууллагад 14 дэх жилдээ ажиллаж байна. 

iaac

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us