Авлига - Аюулт хорлол(титэм үг) /2009.12.09/
Тос дотроосоо муудвал аюултай гэж монголчууд ярьдаг. Нийгмийг дотроос нь хөгцрүүлж ялзруулах, дотроос нь идэж сүйтгэх аюулт хорлол нь авлига. Хүүхэд, залуус та нар усан тахал-архи, утаат тахал-тамхи, угаар нь сүйтгэх тахал-хар тамхи зэрэг гурван хороос зайлсхийн зугатаж явахын хамт авлига хэмээх хорлонт үйлийг жигших сэтгэл зүйн дархлаатай болохыг туйлаас эрхэмлэн хичээх хэрэгтэй.
Авлига хэмээх албин гал, усны аюул мэт хөнөөлтэй. Хог ургамлын үр адил цацагдсан авлигын үр хорт хавдар мэт тархан үржиж, нийгмийг тэр аяар нь тарчлаан зовооно. Авлига нь эрх мэдэл дагасан хөнөөлт хар сүүдэр юм. Эрх мэдлийн эрэмбэ нэмэгдэхийн хэрээр авлигын ханш өсдөг жамтай. Гал усны аюул хоромхон зуур ил дайрч, хавьтсанаа гаднаас нь сүйтгэдэг бол авлигын аюул аажуу алгуур мөлхөн тархаж, далдуур, дотроос нь мэрж сүйтгэнэ. Гаднаас халдах ил дайсантай тэмцэхэд арай хялбар байдаг бол дотроос сүйтгэх далд дайсантай тэмцэхэд бэрх хэцүү. Түүнтэй нэгэн адил ил аюулыг сөрөхөд хялбар, далд аюулыг сөрөхөд бэрх. Авлига далд байдгаараа аюул хөнөөл нь аймшигтай.
Авлига нь төрийн ардчилсан тогтолцоо, түүний хэвийн шударга ажиллах тохиргоог алдагдуулан гацаана. Эдийн засгийн эрүүл хөрсний шим шүүсийг хог ургамал мэт сорон өсөлтийг сааруулна. Аливаа хөрөнгө оруулалт, ашиг орлогыг буруу хоолойгоор гулгуулж, нэг хэсэг нь ёроолгүй сав руу юүлсэн мэт алга болно. Нийгмийн ялгаа, тэгш бус байдлыг дэвэргэн хөөрөгдөж, хөгжил дэвшлийн тэнцвэрийг алдагдуулна. Иргэд олныг үгүйрэл, цөхрөл, үл итгэлцэл, хагарал өсөрхлийн үзлээр хордуулна. Хийж бүтээх өөдрөг үзлийг цөхрүүлэн чөдөрлөж, сөхрүүлэн тарамдуулна. Нийгмийн эрүүл саруул сэтгэл зүйг бохирлон буртаглана. Улмаар газар аван, хүрээгээ тэлсээр үндэстний өрсөлдөх болон хөгжих чадварыг сульдаан доройтуулж, улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын дархлааг сулруулах аюултай.
Авлига цэцэглэсэн нийгэмд эрх мэдэлтэй цөөнх хөлжиж, эгэл олон туйлдана. Авлига эрх мэдэлтэй төрийн албан хаагчид руу заналт дайсан адил үргэлж довтолж байдаг. Тэдний сул тал, алдаа оноог үлий сахьсан сар шиг анан отон хүлээнэ. Хөнгөн амьдрал мөрөөдөгч, илүү харж, билүү долоогч түшмэдийн ашигч авлигач сэтгэлийг өдөөн өөгшүүлж, өгөөш хаян, тэдний бие сэтгэлд үүр ноохойгоо засан тухлаж, улмаар хааш нь ч хөдөлгөхгүй хүлж баглаж авна. Авлигын амтыг мэдэрсэн тэд балд дурлагч зөгий адил улам шунан, их барьсан ч өмхий, бага барьсан ч өмхий гэдэг шиг улайран цагаандаа гарч, цаашлан ахисаар шуналын тулам, ичих нүүрэндээ илэг наасан, айх нүүрэндээ арьс наасан хөгийн амьтан болон хувирна. Загас толгойноосоо, замаг үндэснээсээ ялзардаг бол авлига эрх мэдэлтнээр дамжин нийгмийг ялзруулна. “Нийгмийн ялзрал нь өөрийн үүсч хөгжсөн тэр нийгмийн орчинтой адил өнгөтэй байдаг”.
Цагаандаа гарсан авлигач түшмэдүүдийн балгаар бүхэл бүтэн улс үндэстэн бусдын идэш болж, доройтон мөхсөн гашуун сургамж хүн төрөлхтний түүхэнд бишгүй олон. Ямар сайндаа манай зөв үзэлт хүмүүс “уут уут мөнгөөр улсаа худалдсан сайдууд” гэсэн үгтэй дуу хүртэл зохион дуулж, улс орон, хүн ардаа авлигын аюулаас аврах арга хайж байхав дээ.
Зарааны өргөс гаднаа, зальхайн өргөс дотроо гэх үг бий. Авлигачид өргөсөө дотроо нуусан хулжин зальхайчууд. Тэдний ам нь цагаан, ажил нь бараан, ам ажил хоёр нь алд дэлэм зөрнө. Зальхай хүнд эрх мэдэл өгвөл жаран үзүүрт зүү адил сүлбэнэ. Зангуу хэдий бяцхан ч хөл хатгах шортой. Зальхай хэдий цөөн ч улсыг мөхөөх хортой гэж айлдсан өвгөдийн сургаалыг марталгүй санаж явах учиртай.
Ямагт нуувраар далд, ёс бусаар үйлддэгээрээ авлигач, хулгайч хоёр усны дусал мэт адилхан. Авлигачид баг өмсөн, зүсээ хувилгаж, гэмгүй царайлсан, их гарын хээнцэр хулгайчид. Томоогүй гэнэн үедээ үзэг хулгайлбал том болоод үхэр хулгайлна. Насан багаас хуурах хумслах сэтгэхүй суувал насанд хүрээд авлигач болох замаа засна. Бага залуугаасаа л балагт авлигыг жигших үзлийг өөртөө шингээ. Авлигачид бага багаар авч эхлэн, багц багцаар цөлмөх башир аргуудыг тархи толгойдоо ээлж чөлөөгүй эргэлдүүлнэ. Шударга хүмүүс өөрийн жижиг аягаар, ходоодныхоо хэмжээгээр ууж иддэг бол, авлигачдын аяга гэж тогоо, ходоод гэж тулам болсон байна.
Эцэстээ, өлөн бар мэт сувдаглан дайрч, ханаж цадахаа болин ховдоглож, авах завших дон шүглэн, нэг төрлийн өвчин болж даамжирна. “Ховдгийн нүднээс нь илүү гэдсийг нь цатгах амархан”. Сувдаг авлигачийн нүд, сэтгэл хоёр цадна гэж үгүй.
Авлигачдын үйлдэл нь бараан бол үлдээсэн мөр нь хар. Ард түмэн харахгүй, сонсохгүй байлаа ч мэдэрч байдаг болохоор авлигачдын авалцаж өгөлцөх бохир үйлдэл нь үзэгдэж харагдахгүй далд байдаг ч авч завшиж байна гэдэг нь түмэнд мэдрэгдэж байдаг юм. Авлигач гэдэг нь мэдрэгдэн, ил болох цагт тэд нүдэнд орсон хог адил үзэгдэн, гишгэх газаргүй хөл мэт болж, адлагдан зүхэгдэнэ. Үр хүүхэд, ач зээ нар чинь хулгайчийн үр сад гэж хэлүүлэн, доромж тохуу болж чичлүүлэхгүй байхын тулд авлигыг жигших үзлээр өөрийгөө өвч хуяглах хэрэгтэй. Хэрэв авлигач гэж үе удмаараа цоллуулахыг хүсэхгүй байгаа бол авлигын намагт хөлөө хэзээ ч бүү тавь! Сайн нэрийг хүсэвч эс олох, муу нэрийг хусавч үл арилах болохоор авлигач хэмээх хогийн муу нэрээр цоллуулах шиг бузар булай зүйл үгүй гэдгийг залуу хүн бүр сэтгэл зүрхэндээ тодоос тод сийлбэл хожмын өдөр та нарт хэрэгтэй.
“Гашуун болж хувирах амттанаас зайлсхийх хэрэгтэй” гэсэн ухаантны үг бий. Авлига, авч байх үед чихэр бурам шиг сайхан амттай байж магад. Яваандаа чихэр шиг амт нь гашуун болж, давс шиг шорвог болсноо, хор шиг хөнөөлтэй үр дүнд хөтлөн аваачих учир түүнээс ямар ч нөхцөлд зайлсхий.
“Чиний үйлдэл бүр бусад хүмүүс дээр тусдаг, хажууд чинь хүн байгааг бүү март”. Сайн үйлдэл бүхэн чинь гэрэл гэгээ сацруулан тусна. Муу муухай бүхэн чинь сүүдэр болон тусч, харанхуйлан харлуулна. Авлига түнэр харанхуйг дагуулан, түмнийг түйвээх түйтгэр авчрах аймшигт хорлолтой. Авлига бол өөрөө ёс бусаар хожиж, өрөөл бусдыг ёрын муухайгаар хохироох шунал тачаалт үйлдэл тул дээд зэргийн нүгэлт үйл. Будаа тариа шиг үржих буян хийдэггүй юмаа гэхэд булж дарж дийлэмгүй нүгэл үйлдэхгүй байх нь буянтай үйлс гэдгийг буяндаа бузар хийж байгаа хүн бүр хожимдоогүй дээрээ ухаараг.
Дэлхий дээр ганцхан л шившиг бий. Шударга бус хэрэг. Авлига бол шударга бусын муугийн хязгаар, шившгийн адаг. “Шударга ёс алга болвол хүмүүсийн амьдралд үнэт зүйлийг өгч болох юу ч үлдэхгүй”. Хүмүүст өгч болох үнэтэй бүхнийг авлига гэгч мангас ховх сорон залгидаг ажээ. Их нохой хуцахад бага нохой дуурайна гэдэг шиг том эрх мэдэлтэн авлигадаад эхэлбэл багачуул нь дутахгүй дуурайн дагаж, авахдаа уургын морь шиг хурдалж, ажиллахдаа ургаа хад шиг хөшинө. Тэгээд адилдаа адил, годилдоо годил болон төрөл арилжиж, хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэдэг шиг шуудрана. Авсан хүний гар зөөлөн, амталсан хүний ам зөөлөн болдог тул хэн хэндээ хэлэх үггүй, бие биенээ хянах хяналтгүй цайрна. Ажил албаа чин үнэнчээр гүйцэтгэх ёс суртахууны үнэт зүйлийн орон зайг авлигадах хар санаа түрэн эзэлвэл ажил албаны ёс журам, хувь заяа, нэр төр шалдаа буутал унан доройтож харамсалтайгаар хохирно. “Шударга бус явдлыг нэг хүн эсхүл олон хүн үйлдсэн ч бай адилхан шившигтэй байдаг”. Олны шившиг болж, түмэнд нүүрээ барахгүйн тулд шударга бусын муугийн хязгаар, шившгийн адаг-авлигатай хутгалдан орооцолдох нь бүү хэл үгсийн сангаасаа таягдан авч хаяж зайлуул. “Хийх ёсгүй зүйлийг сэтгэлдээ ч бүү үйлд”.
Авлигаас өөрөө ангид хол байгаад зогсохгүй бусдыг тэр хар ангал руу хальтран ойчихгүй байхад туслах нь чиний үүрэг. Яагаад гэвэл “шударга бус явдлыг хараад дуугүй байх нь түүнд өөрөө оролцож байгаагаас өөрцгүй”. “Хүмүүс шударга бус явдалтай нэг бол эвлэрцгээдэг, эсхүл тулалдацгаадаг”. Хэзээ ч, хэрхэвч эвлэрч болохгүй, эрс тулалдах шударга бус үйлдэл нь авлига юм. Түүнтэй эс тулалдваас тураалтай бяцхан хүүхдүүдийн сүүлчийн балга сүүг, өвчтэй хуучтай хөгшдийн эм, тарианы мөнгийг, чамд очих ёстой сайн сайхан бүхний охь дээжийг авлига орвонгоор нь хаман авч одно. Шударга бусаар амьдарвал сүүдрээсээ цочин, мөнхийн айдас хүйдэст тарчлана. “Шударга байвал чи аз жаргалтай байх болно”.
Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабанди