Dec 17, 2020         3

“GOOD HABITS-20” ДИЖИТАЛ ЧУУЛГАН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Авлигатай тэмцэх газраас “Зөв зөвд шударга зөв” соён гэгээрүүлэх аяны хүрээнд “Good Habits 20 буюу Зөв дадал 20” дижитал чуулганыг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Дижитал хэлэлцүүлгийн илтгэгчээр нийтлэлч, эдийн засагч Д.Жаргалсайхан, хүний эрхийн активист, зохиолч Ц.Оюунгэрэл, “Сайн сургуулийг таны дэргэд” ТББ-ын тэргүүн П.Наранбаяр, “Үнэгүй фитнес” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Л.Саруулбат, топ модель Э.Энхболд, рэппэр Big Gee, англи хэлний багш, комедиан Н.Амаржин нар оролцов. Чуулганыг илтгэгчдээр сонгогдсон үзэл санааны удирдагчид амьдралдаа тохиолдсон явдал, бодит жишээ, түүнийг даван туулсан арга туршлага, өөрийн зөв дадлыг ажил, амьдралдаа хэрхэн мөрдлөг болгож байгааг мэдрүүлэх, тэдний зөв дадлаас залуус үлгэр жишээ авах боломжийг олгоход чиглэгдэв.

Нийтлэлч, эдийн засагч Д.Жаргалсайхан “Дадал ба нөлөө” сэдвийн хүрээнд олон улсад бизнесийн салбарт амжилттай яваа хүмүүсийн ажил, амьдралдаа мөрддөг зөв дадлын талаарх сонирхолтой мэдээллийг өгч харьцуулан ярьсан. Илтгэлийн төгсгөлд “Бодол үг болдог, үг үйл болдог, үйл дадал болдог, дадал хувь заяа болдог учраас амьдралынхаа зөв дадлыг тодорхойлоход үр дүнгийн холбоосоо заавал тодорхойлж байх ёстой” гэж залууст захилаа.

Хүний эрхийн активист, зохиолч Ц.Оюунгэрэл шударгаар амжилтад хүрэх давуу талыг амьдралдаа мөрддөг зарчимтай холбож ярив. Тэрээр “Би зам товчлох гэж яарахгүйгээр, өөртөө хэт ачаалал авахгүйгээр, алхам алхмаар амжилтад хүрэх дадлыг 17 настайгаасаа хойш амьдралдаа хэрэгжүүлээд явж байна. Миний амжилтын нэг нууц бол өдөрт өөртөө нэг цагийг үр бүтээлтэй зарцуулж чаддаг. Өдөр бүр нэг цагтаа хийх зүйлээ төлөвлөх, ахиц дэвшил гарч байна уу гэдгээ үргэлж тооцож хэмжих шаардлагатай. Өнөөдрийг хүртэл 13305 цагийг үр бүтээлтэй өнгөрүүлжээ. Тиймээс өнөөдөр энэ тайзан дээр гарах эрхтэй хүний нэг болсон” гэв.   

Дижитал чуулганы үеэр бусад илтгэгчид ч гэсэн өөрийн амьдралдаа мөрддөг зөв дадлаасаа харамгүй хуваалцав. “Сайн сургуулийг таны дэргэд” ТББ-ын тэргүүн П.Наранбаяр их сургуулиа төгсөөд Гадаад харилцааны яаманд танил талгүй тул ажилд ороход хэцүү гэж сонсоод буцаж байсан талаар ярьж, ийм буруу хандлагыг устгахад залуусын оролцоо чухал гэдгийг онцолсон юм.  Тиймээс нийгэмд хүн бүхэн зөв дадал, зөв үзэл бодолтой, буруу зүйлд орон зай гаргахгүй байх хэрэгтэй гэдгийг олон нийтэд уриаллаа.

Англи хэлний багш, комедиан Н.Амаржин анхны бизнесээ эхлүүлэхэд учирч байсан хүндрэл, түүнийг даван туулсан арга туршлагаасаа хуваалцсан бол топ модель Э.Энхболд Чех улсад ажиллаж байхдаа цагийг төлөвлөх, алтнаас үнэтэй цаг хугацааг хэрхэн ашиглах талаар ярив.

Рэппэр Big Gee “Аливаа ажлыг эхлүүлсэн бол заавал дуусгах хэрэгтэй, амласан бол заавал хүрэх хэрэгтэй, алдсан бол аль болох дахин давтахгүй байхыг хичээх хэрэгтэй.  Хүнд муу юм хийхгүй, худлаа хэлэхгүй байхад суралцчихвал тэр хамгийн зөв дадал болно” гэдгийг залууст уриалсан бол  “Үнэгүй фитнес” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Л.Саруулбат “Эрүүл мэнддээ оруулах зөв дадал болон сайн аав байхаас шударга ёс эхэлнэ” хэмээн залуустаа хандаж уриалга хэллээ.

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн “Өнгөрсөн жил Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан 3500 залуусыг хамруулсан “Үнэт зүйлийн боловсрол” сэдэвт лекцийг зохион байгуулж байсан бол энэ онд дижитал чуулганыг лайв хэлбэрээр дамжуулахад нэг цагийн дотор 350.000 мянган үзэж сонирхсон нь цаг үеэ олсон арга хэмжээ боллоо гэж дүгнэхээр байна. Залуус зөв дадлыг хэрхэн бий болгодог, зөв шударгаар ирээдүйгээ хэрхэн гэрэлтүүлж болох вэ гэдгийг илтгэгчдийн ярианаас ойлгож, сонсож өөр өөрийн шударга зөв дадлыг бүтээх эрмэлзэл хүсэл төрлөө” гэв.

“Зөв дадал-20” дижитал чуулганыг АТГ-Олон нийтийн төв фэйсбүүкийн пэйж хуудаснаас бүрэн эхээр нь үзэх боломжтой.

Та ЭНД ДАРЖ үзнэ үү. 

iaac

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us