Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваад
Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Авлигатай тэмцэх газар байгуулагдсаны 15 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гарган Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваад “Монгол Улсын Гавьяат хуульч” цол хүртээж, Судалгаа шинжилгээний албаны дарга, эрхэлсэн комиссар Ц.Шинэбаярыг "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоор, Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны дарга, ахлах комиссар Т.Энхболдыг "Цэргийн гавьяаны улаан тугийн одон"-гоор, Санхүү, аж ахуйн албаны үйлчлэгч Ж.Алтансүхийг “Алтангадас” одонгоор тус тус шагнав.
Төрийн дээд цол, одон гардуулах ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ “Монголын хууль дүрмийг үл тоомсорлон, татвараас зайлсхийх, шүүх, хуулийн байгууллагын ажилтнуудыг нөлөөлөлдөө оруулах зэргээр дураар авирлаж байсан Салхитын мөнгөний ордын лиценз эзэмшигчид, лиценз наймаалагчдын хэргийг шуурхай илрүүлж, шийдвэрлэсэн. Улмаар уг ордын үйл ажиллагааг сэргээсэн, олборлолтын орлогоос нь ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэсэн, тэтгэмж олгосон зэрэг үйл явдлын угт Авлигатай тэмцэх газрын ажилтнуудын зоримог, шуурхай, хуулийн хэрэгжилтийг хангахын төлөөх итгэл үнэмшил байсан юм шүү.
Миний бие Монгол Улсын хууль, хяналт, шүүхийн байгууллагуудад аливаа улс төрийн дарамтгүйгээр ажиллах боломжийг чадлаараа өгсөн. Тэдгээр байгууллагууд ч хэрэв улс төрийн өндөр албан тушаалтнуудын дарамтгүйгээр бие дааж ажиллавал дэлхийн түвшинд өндөр ур чадвартайгаар авлига, албан тушаалтнуудын хэрэгтэй тэмцэх бүрэн чадвартайгаа харуулсан. Улс төрд хамааралтай этгээдүүдийн оффшорт байршуулсан мөнгийг илрүүлэх, оруулж ирүүлэх нүсэр хүнд, асар их дарамт шахалттай боловч олон нийтийн шахаж шаарддаг ажлыг мөн Авлигатай тэмцэх газрын хамт олон өнгөрсөн дөрвөн жилд чамгүй нугалж, ажилласан. Үр дүнд нь үлэмж хэмжээний мөнгөн болон мөнгөн бус урсгал барилга байгууламж, бараа материал зэрэг олон хэлбэрээр оффшороос Монголд орж ирсэн. Нүдэнд үл харагдах ч асар их үр дүнтэй ажлыг амжуулсан Авлигатай тэмцэх газрын хамт олны зүтгэл, нөр их хөдөлмөрийг үнэлж Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Зандраагийн Дашдавааг "Монгол Улсын Гавьяат хуульч" цолоор шагнаж байгаа юм” гэж цохон тэмдэглээд Авлигатай тэмцэх газрын удирдлага, хамт олонд цаашдын шударга ёс, хууль журмыг сахиулах үйлсэд улам их амжилт хүсэн ерөөв.