Dec 09, 2020         4

“КОВИД БА АВЛИГА: ИРГЭДИЙН ЧӨЛӨӨТ ИНДЭР” цахим хэлэлцүүлэг зохион байгуулав

Авлигатай тэмцэх газраас цаг үеийн онцлог, нөхцөл байдал, түүнтэй холбогдон үүсч болох авлигын эрсдлийг хөндсөн “Ковид ба авлига: Иргэдийн чөлөөт индэр” цахим хэлэлцүүлгийг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төрийн болон төрийн бус байгууллага, судлаачдын дунд зохион байгуулав.

Цахим хэлэлцүүлгийн оролцогчид шинэ төрлийн “Ковид-19” вирусийн цар тахалтай тэмцэх цаг үед авлигын гэмт хэрэг гарах эрсдэл, түүнийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр авах арга хэмжээний талаар мэдээлэл солилцож, санал дэвшүүлэв.

Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал дэгдсэнтэй холбогдуулан улс орнууд эдийн засгаа сэргээх, ажлын байрыг хадгалах, нийгмийн эмзэг бүлгийнхнийг хамгаалах бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж, түүнтэй холбоотой арга хэмжээнд хөрөнгө санхүүжилтийг шинээр батлан зарцуулж байна.

Цар тахлаас үүсэлтэй гэнэтийн эрсдэл, аюулыг цаг алдалгүй арилгаж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах шаардлага тулгарсан энэ хүнд цаг үед төрийн худалдан авах ажиллагаа, хандив, тусламжийн зарцуулалтад тавих хяналт суларч, үүнтэй зэрэгцэн олон нийтэд зориулагдсан хөрөнгө, эх үүсвэр зарцуулагдах ёстой зорилго, хүрэх ёстой эзэндээ очихгүй байх тохиолдол гарсаар байгааг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байна. Энэ байдлыг эртнээс анзаарсан НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, “Транспэрэнси Интернэшнл” болон бусад олон улсын хамтын нийгэмлэг, байгууллагуудаас авлигын гэмт хэрэг гарах эрсдэл нэмэгдсэнийг дэлхийн улс орнуудад анхааруулж байна.

“Ковид ба авлига: Иргэдийн чөлөөт индэр” цахим хэлэлцүүлгийн үеэр Авлигатай тэмцэх газраас “Цар тахлын үеийн ил тод байдал, авлига гарах эрсдэл” сэдвийн хүрээнд мэдээлэл хийв. Энэхүү мэдээлэлд:

  • Тус газраас 13 яам, 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны цахим хуудсанд байршуулсан мэдээллийн ил тод байдалд нарийвчилсан үнэлгээ явуулж, дүнг танилцуулав.
  • УОК, ЭМЯ, ХӨСҮТ зэрэг Ковид-19 вирусийн дэгдэлттэй тэмцэх гол үүргийг хариуцаж байгаа байгууллагуудын иргэд, аж ахуйн нэгжээс авсан хандив тусламжийн зарцуулалтад гарсан зөрчлийг мэдээлэв.
  • Олон улсад цар тахлын үед хэрэгжүүлж байгаа худалдан авах ажиллагаа, санхүүгийн ил тод, нээлттэй байдлыг хангах, түүнд тавих хяналтыг сайжруулах чиглэлээр АНУ, Канад, Япон, Шинэ Зеланд зэрэг улсын сайн туршлагыг танилцуулав.
  • Онц байдлын үед үүрэг гүйцэтгэж байгаа эрүүл мэндийн болон бусад байгууллагуудын ажилтнууд худалдан авах ажиллагааг гардан явуулж байгаа нь тэдний мэргэжлийн ажил үүрэгтээ анхаарахад нь саад болж байгааг дурдаж, тэдэнд нэмэлт ачаалал үүрүүлэхгүй байх, шаардлагатай тоног төхөөрөмж, эм эмнэлгийн хэрэгслийг аль болох мэргэжлийн байгууллагаар шуурхай гүйцэтгүүлэх хэрэгтэй болохыг онцлов.
  • Хандив, тусламжийг нэгдсэн зохион байгуулалтгүйгээр авч байгаа нь ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдлийг бий болгож байгаа тул төрийн байгууллагууд хандив, тусламжийг зөвхөн төсвийн ерөнхийлөн захирагчаар дамжуулан авч байх хэрэгтэй байгааг тэмдэглэв.
  • Иргэн, аж ахуйн нэгж, олон улсын байгууллага, гадаад улсаас үзүүлж буй хандивын хөрөнгийг бүртгэх, зарцуулах, тайлагнах арга хэмжээг зохион байгуулж, олон нийтэд нэг эх сурвалжаас мэдээлэл авах боломжийг олгох нэн шаардлагатайг дурдав.

 “Захиргааны шинэ санаачилга” ТББ-ын тэргүүн С.Цэрэнпүрэв “Ковид-19 Мониторинг” сэдвээр мэдээлэл хийж, УОК, Эрүүл мэндийн яам, НОК, ХӨСҮТ зэрэг байгууллагын шилэн дансанд 3 дугаар сараас 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд хүлээн авсан хандив тусламжийн хөрөнгийн захиран зарцуулалтад ажиглалт хийж, дүгнэлт гаргасан талаар танилцууллаа. Түүний хийсэн ажиглалтын үеэр дараах зөрчлүүд түгээмэл байсан байна. Үүнд:

  • Мөнгөн болон мөнгөн бус хандив, тусламжийн  зарцуулалтыг хуулийн хүрээнд бүрэн байршуулаагүй;
  • Зарцуулалтын  тайланг иргэдэд мэдээлээгүй;  
  • Сангийн яам зээл тусламжийн нэгдсэн мэдээллээ 3 дугаар сараас 11 дугаар сарын 18 хүртэл  ил тод байршуулаагүй;
  • Эрүүл мэндийн яаманд нийт хандив тусламж болон санхүүгийн дэмжлэг төсвийн дахин хуваарилалтыг ил тод мэдээлээгүй;
  • УОК нэг удаагийн амны хаалт авах зориулалттай 1,8 тэрбум төгрөгийг хаана, хэнд зориулж зарцуулсан нь ил тод бус зэрэг ноцтой зөрчлүүдийг илрүүлж, цаашид АТГ-тай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

“Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ-ын гишүүн Э.Мөнхжаргал “Транспэрэнси Интернэшнл” байгууллагаас Ази тивийн улс орнуудын авлигын эсрэг орчинд хийсэн барометрийн судалгааны дүнг танилцуулав. Тус судалгаанд оролцогчдын 74 хувь нь төр, засгийн түвшин дэх авлигыг ноцтой асуудал гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Мөн уг судалгаанд оролцогчдын 69 хувь Монгол Улсын хувьд төрийн албан дахь авлигын түвшин гэж үзэж, сонгуулийн саналаа худалдсан тохиолдол 14 хувь, сүүлийн 12 сарын хугацаанд төрийн үйлчилгээ авахын тулд хахууль өгсөн 22 хувь гарсан гэж хариулсан байна.  Судалгаанд хамрагдсан 5 хүний 1 нь эрүүл мэнд, боловсрол салбарт хээл хахууль өгөх, авах байдал түгээмэл байдаг талаар танилцуулсан.

Энэхүү цахим хэлэлцүүлгийн бас нэгэн асуудал дэвшүүлсэн илтгэлийг “Глоб интернэшнл” ТББ-ын хуульч Б.Пүрэвсүрэн “Ковид ба хэвлэлийн эрх чөлөө” сэдвийн хүрээнд  танилцуулсан. Тэрээр 2020 онд Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 73 дугаар байрт буюу хэвлэлийн эрх чөлөө нь мэдэгдэхүйц асуудалтай бүлэгт хамаарах болсон талаар танилцуулж, Ковидын үед хэвлэлийн эрх чөлөө тодорхой тохиолдуудад зөрчигдөж байгаа талаар дурдав.

Цахим хэлэлцүүлгийн үр дүнд авлигын гэмт хэрэгт өртөх эрсдэлтэй байгууллагуудад тусгайлсан хугацаатай зөвлөмж өгөх, цар тахлын үед цугларсан хандив, тусламжийн хөрөнгийн зарцуулалтад хамтран хяналт тавих, худалдан авах ажиллагаанд зориулсан тусгайлсан заавар боловсруулж, төрийн байгууллагуудад түгээх, мэдээллийн ил тод байдлыг сайжруулах зорилгоор мэдээлэл байршуулах заавар боловрсруулах зэрэг саналуудыг оролцогчдоос дэвшүүлж, цаашид цар тахлын үед төрийн байгууллагуудын хүлээн авсан хандив, тусламж, зарцуулсан хөрөнгөд үргэлжлүүлэн хяналт тавьж, хамтран ажиллахаар боллоо.

Авлигын эсрэг олон улсын өдөр болж өнгөрсөн энэхүү цахим хурал нь ажил хэрэгч уур амьсгал дунд амжилттай болж өндөрлөв.

iaac

iaac

iaac

iaac

iaac

iaac

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us