2021 ОНЫ 4 ДҮГЭЭР САРД ШАТ ШАТНЫ ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАРТАЙ ХОЛБООТОЙ ГОМДОЛ ДАВАМГАЙЛАВ
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албанаас дотоод үйл ажиллагааны үр дүнг үнэлэх, ажлын бүтээмжийг ахиулах зорилгоор хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтэд тогтмол хугацаанд дүн шинжилгээ хийдэг. Үүний нэг нь Авлигатай тэмцэх газарт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийг хууль тогтоомжийн дагуу хэрхэн шийдвэрлэсэн байдалд сар тутам хийдэг дүн шинжилгээ юм. Энэ удаа 2021 оны 4 дүгээр сард өргөдөл, гомдол, мэдээллийн шийдвэрлэлтийн талаарх мэдээллийг хүргэе.
Авлигатай тэмцэх газар 2021 оны 4 дүгээр сард иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас нийт 183 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авчээ. Эдгээрийн 124-ийг албан бичгээр хүлээн авсан нь хамгийн өндөр хувийг эзэлж байна.
Улаанбаатар хотоос 95 өргөдөл, гомдол, мэдээлэл ирсэн, Баян-Өлгий, Увс аймгаас тус бүр 14 өргөдөл, гомдол, мэдээлэл ирүүлсэн нь хамгийн өндөр хувьтай байна.
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийг агуулгаар нь авч үзвэл гэмт шинжтэй өргөдөл, гомдол, мэдээлэл 104 буюу нийт хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 56.8 хувийг эзэлж байна. Албан тушаалтны ашиг сонирхлын зөрчил болон хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй холбоотой өргөдөл, гомдол, мэдээлэл 44 иржээ. Урьдын адил Авлигатай тэмцэх газрын хуулиар харьяалан шалгах боломжгүй буюу харьяаллын бус 32 өргөдөл, гомдол, мэдээлэл ирүүлсэн байна. Иргэд өөрт тулгарсан асуудал бүрийг Авлигатай тэмцэх газар шийдвэрлэнэ гэсэн хандлагатай байдаг бөгөөд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Авлигатай тэмцэх газрын харьяалан шалгах хэрэг, зөрчилд хамаарахгүй бол ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийг харьяаллын дагуу зохих төрийн байгууллага, албан тушаалтанд зайлшгүй шилжүүлэх ёстой.
Өргөдөл, гомдол, мэдээллийг ирүүлсэн субъектийн хувьд авч үзэхэд 134 буюу 73.2 хувь нь иргэдээс, 48 буюу 26.2 хувь нь хуулийн этгээдээс, 1 буюу 0.6 хувь нь нэр хаяггүй байна. Гомдол гаргагчдын 9 нь нэрээ нууцлахыг хүссэн бол 174 нь нэрээ нууцлах шаардлагагүй гэж үзжээ.
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн дийлэнх нь нутгийн удирдлага болон хууль зүйн салбарын үйл ажиллагаанд хамаарч байна. Хүлээн авсан нийт 183 өргөдөл, гомдол, мэдээллийн дийлэнх нь шат шатны Засаг даргын Тамгын газартай холбоотой гомдол ирж байгаа бөгөөд хүний нөөцийн томилгоо, төсвийн хөрөнгийн зарцуулалт, тендер, худалдан авах ажиллагаа, төрийн албан хаагчийн үйл ажиллагаа, тусгай зөвшөөрөлтэй холбоотой зөрчил хамгийн түгээмэл байгаа нь анхаарал татаж байна. Нутгийн удирдлагын салбартай холбогдуулан гаргасан өргөдөл, гомдол, мэдээллийн 34 нь гэмт хэргийн шинжтэй, 19 нь ашиг сонирхлын зөрчил болон хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй холбоотой байна.
2021 оны 4 дүгээр сард ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн шинж чанарт хийсэн дүн шинжилгээнээс үзэхэд цаашид аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газруудад чиглэсэн авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол, мэдээлэлд нарийвчилсан дүн шинжилгээ хийж гарч байгаа зөрчлийн шалтгаан, нөхцөлийг тогтоох зэрэг чиглэлээр тусгайлан арга хэмжээ авах шаардлагатай гэж үзжээ.