Төрийн бус байгууллагад шилжүүлсэн төрийн үйлчилгээний үр дүнгийн талаар онлайн хэлэлцүүлэг зохион байгуулав
Авлигатай тэмцэх газраас төрийн бус байгууллагад шилжүүлсэн төрийн үйлчилгээний талаар цахим хэлэлцүүлэг зохион байгууллаа.
2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр болсон “Төрийн бус байгууллагад шилжүүлсэн төрийн үйлчилгээний үр дүн, үр нөлөө” сэдэвт хэлэлцүүлэгт Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн, Хууль зүй, дотоод хэргийн яамны газрын дарга П.Сайнзориг, Зам, тээврийн хөгжлийн яамны хэлтсийн дарга Ч.Сугармаа, Барилга, хот байгуулалтын яамны газрын дарга Д.Гантулга, судлаач Л.Галбаатар, Б.Жавзанханд, зарим салбарын мэргэжлийн холбоодын удирдлага болон төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцов.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт “Төрийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд мониторинг хийж, дүнг олон нийтэд мэдээлэх, түүний мөрөөр холбогдох арга хэмжээ авах”-аар туссан бөгөөд энэ хүрээнд төрийн бус байгууллагад шилжүүлсэн төрийн үйлчилгээний үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн байна.
Хяналт-шинжилгээ, үнэлгээнд 849 төрийн бус байгууллага болон мэргэжлийн холбоог хамруулжээ. Тэдгээрт гэрээ дүгнэж, хангалттай ажилладаггүй, санхүүгийн тайлан мэдээг гаргаж өгөх сонирхолгүй, ил тод байдлын шалгуур үзүүлэлтэд заасан мэдээллүүд нь дутмаг зэрэг нийтлэг зөрчил байгааг цахим хэлэлцүүлгийн үеэр судлаачид хэллээ.
Төрөөс нийтийн үйлчилгээг хэрэглэгчид хүргэх үйл явцыг гэрээний үндсэн дээр төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх харилцааг зохицуулсан эрх зүйн орчин, гадаадын зарим улсын эрх зүйн тогтолцоо, туршлагыг судлах, үүний үндсэн дээр бодит байдлыг тодорхойлох зайлшгүй шаардлага бий болсон. Гэтэл энэ чиглэлийн ажлын үр дүнгийн үнэлгээ өнөөдрийг хүртэл хийгдээгүй тул Засгийн газар эцсийн үр дүн ямар байгааг, хэрхэн сайжруулж болох тал дээр ойлголт багатай байна.
Авлигатай тэмцэх газраас захиалан хийлгэсэн үнэлгээний үр дүнг холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан хэлэлцүүлснээр цаашдын бодлого, чиглэлийг оновчтой тодорхойлоход ач холбогдолтой боллоо гэж хэлэлцүүлэгт оролцогчид онцлов. Түүнчлэн хүнд суртлыг багасгах, хариуцлагыг тодорхой эзэнтэй болгох, төрийн бус байгууллагуудыг чадавхижуулах, бүтэц, зохион байгуулалтад тодорхой шалгуур, шаардлага тавих, тогтвортой хэвийн үйл ажиллагаа явуулах чадвартай болгох, нэгдсэн мэдээллийн сан бий болгох, хэрэглэгчийн үнэлгээ хийлгэх, авлигын эрсдлийг үнэлэх зэрэг бодлогын болон зохион байгуулалтын чанартай арга хэмжээг цаашид авах шаардлагатай гэж үзлээ.
Хэлэлцүүлгийн үр дүнд зөвлөмж боловсруулан эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр тогтов.