Dec 08, 2020         4

ДЭЛХИЙН АВЛИГЫН ЭСРЭГ ӨДӨРТ ЗОРИУЛСАН ОЛОН УЛСЫН ЦАХИМ ХУРАЛД 15 УЛСЫН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОЖ БАЙНА

-АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа дэлхийн авлигын эсрэг өдөрт зориулсан олон улсын цахим хурлыг нээж үг хэлэв- 

Авлигын эсрэг олон улсын өдөр жил бүрийн 12 дугаар сарын 09-ний өдөр болдог. Энэхүү өдрийг угтан өнөөдөр Казакстан улсын Авлигатай тэмцэх газраас цахим хурлыг удирдан зохион байгуулж байна.  

Энэхүү арга хэмжээний зорилго нь авлигын эсрэг бодлогыг хэрэгжүүлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, иргэний нийгмийн оролцоог сайжруулах сайн туршлага, санаачилгуудаа харилцан хуваалцах юм. Цахим хуралд 15 улс орны төлөөллөөс гадна НҮБ-ын Мансууруулах бодис гэмт хэрэгтэй тэмцэх алба, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Зүүн европ Төв азийн авлигын эсрэг сүлжээ зэрэг байгууллага оролцож байна. Казакстан улсын талаас хүсэлт тавьсны дагуу Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа цахим хурлыг нээж үг хэлэв. Тэрбээр “Дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлын хүнд үед манай салбарын мэргэжилтнүүд нэгэн дор цуглах боломжоор хангаж, энэхүү хурлыг зохион байгуулж буй Казахстан Улсын Авлигатай тэмцэх газрын нийт хамт олонд талархал илэрхийлье. Монгол Улс авлигатай тэмцэх чиглэлээр гадаад харилцаагаа өргөжүүлж, БНХАУ, Хонгконг, БНСУ, Азербайжан, Англи, Тайланд зэрэг улсуудын авлигатай тэмцэх байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж идэвхтэй хамтран ажиллаж байна. Мөн Интерпол, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба, Авлигын эсрэг олон улсын академи, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх алба, Хулгайлагдсан хөрөнгийг буцаах санаачилга зэрэг олон улсын байгууллагатай мэдээлэл солилцох, сургалт явуулах, албан хаагчдыг чадавхжуулах чиглэлд хамтран ажиллаж ирлээ. Бид дэлхийн нийтийг хамарсан аюулт цар тахлыг даван туулж, удахгүй сайн цаг ирэхэд, өндөр түвшний айлчлалаас гадна албан хаагчдаа харилцан илгээж, авлигын эсрэг мэдлэг туршлагаа хуваалцан, хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна” гэв. 

Цахим хурлаар улс орнуудын нэр илтгэгч нар оролцож, авлигын эсрэг олон улсын сайн туршлага, стандартуудын талаар санал солилцсоноос гадна, иргэний хяналт, авлигын эсрэг цахим хэрэгслүүд, үндэслэлгүй хөрөнгөжих, авлигын хэргийн ял шийтгэл зэрэг өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцэж байна.

iaac

iaac

iaac

 

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us