Эрчим хүчний салбарын зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэхээр ярилцав
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэнгээр ахлуулсан төлөөлөл Эрчим хүчний сайд Н.Тавинбэхтэй авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр уулзаж ярилцав.
Уулзалтын эхэнд Авлигатай тэмцэх газрын хэлтсийн дарга Д.Дуламсүрэн эрчим хүчний салбар дахь авлигын нөхцөл байдлын талаар товч танилцуулаад тусгай зөвшөөрөл олгох, сунгахад ил тод байдлыг бүрдүүлж хяналтыг сайжруулах, төрийн өмчит компаниудын ажилтнуудын урамшууллын нэгдсэн жишиг тогтоох, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэх, худалдан авах ажиллагааг цахим хэлбэрээр нээлттэй зохион байгуулах зэрэг асуудлуудад анхаарах шаардлагатайг онцлов.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Эрчим хүчний салбарт авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлууд бий. Тусгай зөвшөөрөл олголтод онцгой анхаарна. Юуны өмнө эрх зүйн зарим зохицуулалт хийгдэх шаардлагатай. Худалдан авах ажиллагаанд захиалагчийн хяналтыг эрчимжүүлэхээр ажиллана. Хүний нөөцийн бодлого, сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод байлгахад анхаарч байгаа” гээд цаашид Авлигатай тэмцэх газартай авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр өргөн хүрээнд хамтран ажиллахаа илэрхийллээ.
Уулзалтаар талууд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт эрчим хүчний салбарын чиглэлээр тусгагдсан зорилтуудыг бодит үр дүнтэй ажил болгох, Авлигын эсрэг үйл ажиллагааны загвар төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэх, эрчим хүчний салбарын зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх зэрэг бодлого, зохион байгуулалтын шинжтэй арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхээр тогтов.
Эрчим хүчний яам нь шударга байдлын үнэлгээний 2019 оны дүнгээр 73.5 оноо авч, яамд дотроо 6 дугаарт эрэмбэлэгдэж байсан.