Төрийн байгууллагууд “Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлнэ
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс “Авлигын эсрэг үйл ажиллагааны байгууллагын төлөвлөлт, үр дүнг сайжруулах-арга зүйн асуудал” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг засаглалын судалгааны чиглэлээр ажилладаг судлаач нарыг оролцуулан 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Олон нийтийн төвд зохион байгуулав.
Уг уулзалт хэлэлцүүлгийн зорилго нь авлигын эсрэг үйл ажиллагааг төрийн байгууллагууд хэрхэн үр дүнтэй төлөвлөх, тайлагнах, арга зүйг боловсруулах, энэ талаарх сайн туршлагыг солилцоход чиглэж байв. Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Д.Цэнд-Аюуш 2008 оноос төрийн байгууллагууд авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлан хэрэгжүүлж байсан туршлага, бэрхшээл, сорилтын талаар танилцууллаа.
Хонконгийн авлигатай тэмцэх байгууллагын сайн туршлагыг Монгол Улсын Авлигатай тэмцэх газар 2008 оны 4 дүгээр сараас тухайн үеийн яам, агентлагийн түвшинд хэрэгжүүлж, улмаар жил ирэх тусам төлөвлөлт ба хэрэгжилтийг үнэлэх аргачлал, механизмыг боловсронгуй болгон өргөжүүлж байв.
2016 онд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдсанаар улсын хэмжээнд төрийн нийт байгууллагуудын авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөлтийг үндэсний бодлогын баримт бичигтэй уялдуулах шаардлага үүсээд байна. Авлигын эсрэг хууль тогтоомжид заасан авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн байгууллагын хүлээх нийтлэг үүргийг мөрдүүлэх, хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах зорилгоор “Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө”-г шинэ нөхцөлд үр дүнтэй батлан хэрэгжүүлэхээр Авлигатай тэмцэх газар төлөвлөн ажиллаж байна.
Уулзалт хэлэлцүүлэгт оролцсон судлаачид төлөвлөлтийг сайжруулах, үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлтийг тодорхой болгох чиглэлээр авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний загварыг хэд хэдэн хувилбараар боловсруулж, Авлигатай тэмцэх газартай хамтран ажиллахаар тогтов.