Соён гэгээрүүлэх үйл ажиллагааг өргөн хүрээнд эрчимжүүлнэ
Авлигатай тэмцэх газрын төлөөлөл Соёлын сайд С.Чулуунтай өнөөдөр уулзаж ярилцав.
Уулзалтын эхэнд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн “АТГ нь авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах чиглэлээр олон талт ажил, арга хэмжээ зохион байгуулдаг. Соёл, урлагийн байгууллагын ажилтнуудаар дамжуулан авлигын хор хөнөөлийг ойлгуулах, шударга зан үйлд уриалан дуудсан агуулга бүхий контентуудыг иргэдэд хүргэж байгаа. Манай байгууллагын зүгээс ирээдүй хойч үе болсон хүүхэд залуучуудад зориулсан арга хэмжээг шинээр зохион байгуулагдсан Соёлын яамтай хамтран өргөн хүрээнд зохион байгуулах боломж байна. Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Соёлын яамны хувьд бодитой тусгайлан төлөвлөгөө гаргаж ажиллах шаардлагатай. Энэ ажилд манай зүгээс арга зүйн заавар зөвлөгөө өгч хамтран ажиллана” гэдгийг онцлон, Авлигатай тэмцэх газраас эрхлэн гаргасан “Засгийн газрын гишүүн Танаа” гарын авлагыг танилцуулж гардуулав.
Соёлын сайд С.Чулуун соёлын салбарт хийхээр төлөвлөсөн бодлого, арга хэмжээний талаар мэдээлэл өгөөд “Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс болон манай яамны Соёл, гэгээрлийн газар гэсэн хоёр нэгж л улсын хэмжээнд соён гэгээрэл буюу хүний оюун тархинд зөв сэтгэлгээ өгөх ажлыг хариуцан хийж байна. Ирээдүй хойч үед шударга ёсны үзэл санааг түгээх танай байгууллагын бодлого, үйл ажиллагааг бүрэн дэмжиж байна. Тиймээс цаашид Соёлын яам нь төрийн байгууллагын хувьд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр төдийгүй олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд Авлигатай тэмцэх газартай нарийн нягт хамтран ажиллана” гэлээ.
Уулзалтын дүнд соёлын салбар дахь ил тод, нээлттэй байдал, ёс зүй, хандив тусламж, худалдан авах ажиллагаа, тусгай зөвшөөрөл, цахим үйлчилгээ зэрэг авлигын шалтгаан, нөхцөл үүсгэсэн, эрсдэл бүхий асуудлуудад анхаарах, соёлын салбарын ажилтнуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт явуулах, худалдан авах ажиллагаанд явцын хяналт тавих, хүүхэд залуучуудад зориулсан соён гэгээрүүлэх хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тогтов.