May 15, 2020         5

Д.Дуламсүрэн: Шүгэл үлээгчийг хамгаалах хууль нь авлигатай тэмцэх том алхам болно

iaac

 

 

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн

 

дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэнтэй ярилцлаа.

-Авлигатай тэмцэх газрын 2019 оны үйл ажиллагааны тайланг уншихад Нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээгч (илчлэгч)-ийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад хүргүүлсэн гэж дурдсан байна. Энэ хуулийн төслийг яагаад боловсруулах болсон бэ?

-Төр, засгаас гаргаж буй шийдвэр, төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, төрийн албан хаагчийн үйл ажиллагааны талаар иргэд үзэл бодол, санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлж, ялангуяа хууль тогтоомж, дүрэм, журмаас гажиж байвал холбогдох байгууллагад хандах, мэдээлэх эрх нь нээлттэй байгаа. Иргэд төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг хянаж, зөв, бурууг ялган, алдаа дутагдлыг засч залруулах, хууль зөрчсөн үйлдлийг мэдээлэх, хэрэг, зөрчил гарахаас сэргийлэхэд чухал үүрэгтэй оролцогч. Ялангуяа нийтийн ашиг сонирхлын төлөө мэдээлэх үүргээ маш сайн ухамсарлаж, үйл хэрэг болгох ёстой. Гэтэл аль нэг байгууллага, албан тушаалтанд мэдээлэл өгөх, хандахдаа сүрдүүлэг, дарамт шахалт ирэх болов уу гэдгээс эмээж, болгоомжлон зүй бус асуудлыг мэдээлэхгүй, хэлэхгүй өнгөрөх тохиолдол ажиглагддаг. Иргэдэд хамгаалалт шаардлагатай байна. Дэлхийн улс орнууд энэ асуудлыг шүгэл үлээгчийг хамгаалах хууль гаргаж шийдвэрлэдэг. Энэ жишгийг ч манай улс дагах нь зөв байх. Нөгөө талаас Монгол Улс НҮБ-ын Авлигын конвенцийн гишүүн орны хувьд хүлээсэн үүргээ биелүүлэхээр Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт мэдээлэгчийг хамгаалах эрх зүйн орчинг бий болгохоор тусгасан. Энэ бүгдийг харгалзан хуулийн төслийг боловсруулж хууль санаачлагчид хүргүүлсэн. Манай байгууллагаас хүргүүлсэн төсөл бол анхны хувилбар тул төсөлд байгууллагуудаас санал авах, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх явцад зохицуулалтыг сайжруулах, цаашлаад төслийг өргөн мэдүүлэх, хэлэлцэх явцад улам боловсронгуй болох байх гэж бодож байна.

-Шүгэл үлээгч гэж ямар этгээдийг хэлж байна вэ?

-Ойлголт харилцан адилгүй байна. 1970-аад оны эхэн үед Америкийн иргэний эрхийн төлөө тэмцэгчдийн нэг Ralf Nader энэ "шүгэл үлээгч" гэдэг үгийн утгыг "нууц мэдээлэгч", "матаач" гэсэн үгийн утгаас ялгаатайгаар ашигладаг гэдгийг гаргаж тавьсан. Одоо цагт "Шүгэл үлээгч" гэдэгт байгууллагын дотоодод болж байгаа зүй бус үйлдлээс гадна улс орны хэмжээнд, дэлхий нийтийн түвшинд болж байгаа зүй бус үйлдэл, тухайлбал, нийтийн эрх ашигт шууд харшилсан, хууль, дүрэм зөрчсөн, авлига, луйвар зэргийг баримт нотолгоотойгоор нийтэд дэлгэхийг ойлгодог. Авлигын асуудал дээр авлигын хэргийг илчлэгч гэж нэрлэх тал байна. Шүгэл үлээгч бол хохирогч биш. Нийтийн ашиг сонирхлыг хохироосон, хохироох бодит нөхцөл бүрдүүлсэн хууль бус үйлдлийг илчилж, энэ тухай өргөдөл, гомдол гаргах, мэдээлэл өгөх, тайлан гаргах, тайлбар өгөх зэрэг нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээгчийн үйлдлийг шүгэл үлээх гэж үзэж болно.

-Шүгэл үлээх шаардлага юу байгаа юм бэ. Яагаад заавал шүгэл үлээлгэх гээд байгаа юм бэ?

-Бусад орны хууль тогтоомжоос үзэхэд эрх мэдэлтэн, өндөр албан тушаалтан, төрийн байгууллагын зүй бус үйлдлийн эсрэг хүчтэй дуугарч асуудалд нийгмийн анхаарлыг чиглүүлж байгаа хүнийг “шүгэл үлээгч” гэх утгаар хэрэглэж байна. Шүгэл үлээхийг, ялануяа авлигаас урьдчилан сэргийлэх, авлигатай тэмцэх чухал бүрэлдэхүүн болохыг нь хүлээн зөвшөөрөх хандлага нэмэгдэж байгааг 1987-2018 оны хооронд нийт 27 орон шүгэл үлээгчийг хамгаалах талаар тусгайлсан хууль гаргаснаас харж болно. Иргэн хүн хувиа бодож, амиа хичээхгүй байж, хууль бус, ёс зүйгүй, зүй бус үйлдлийг илчлэх, мэдээлэхийг чухалчлах ёстой. Шударга бусын хажуугаар чимээгүй өнгөрсний хор холбогдол нь эргээд өөр дээр нь ирэхийг үгүйсгэхгүй шүү дээ. Бурууд нүд хурц байж, нэг нь нийтийн төлөө санаа тавьж байж нийгэмд шударга ёс тогтож, авлигын үндэс суурь алга болно.. Шүгэл үлээх нь соёл болж тогтох ёстой. Үүний тулд хууль шаардлагатай.

-Иргэн юунд тулгуурлаж шүгэл үлээдэг вэ, бусдын эрх, ашиг сонирхол хөндөгдсөн байх шаардлагатай юу?

-Иргэн шударга ёсны төлөө өөрийн итгэл үнэмшил, зүй бус үйлдлийг нотолж байгаа гэж үзэж байгаа баримтад тулгуурлаад шүглээ үлээдэг. Үүнийг дагаад мэдээж, нийтийн ашиг сонирхлыг хохироосон зүй бус үйлдэл хийсэн хүмүүсийн эрх ашиг хөндөгдөнө. Нөгөө талаас шүгэл үлээгчийн өөрийнх нь эрх ашиг хөндөгдөнө, эрсдэл тулгарна. Шүгэл үлээгчийн эсрэг бусдын зүгээс сөрөг арга хэмжээ авч болзошгүй. Ийм учраас л шүгэл үлээгчийг хамгаалах зохицуулалт хийх шаардлагатай болдог.

-Монгол Улсад хууль бус үйлдлийг мэдээлэх зохицуулалт ер нь бий юу?

-Мэдээлэх асуудлын эрх зүйн зохицуулалтын суурь байгаа. Үндсэн хуулийн “... үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх...” эрх, эрх чөлөөг Монгол Улсын иргэн баталгаатай эдлэх заалтаас гадна Авлигын эсрэг хуульд албан тушаалтан албан үүрэг гүйцэтгэх явцдаа олж мэдсэн авлигын талаарх мэдээллийг Авлигатай тэмцэх газарт мэдээлнэ, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд ашиг сонирхлын зөрчил бүхий нөхцөл байдлын талаар мэдэж байгаа бусад этгээд энэ тухай холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдээлж болно гэж мэдээлэх сувгийг нээсэн гэж үзэж болно.

-Шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн зохицуулалттай улс орнуудын талаар ярина уу?

-Судалгаанаас үзэхэд зарим орон шүгэл үлээгчийг хамгаалах заалтуудыг Төрийн албаны тухай хууль, Эрүүгийн хууль, Авлигын эсрэг хуульд тусгаж өгсөн байдаг бол зарим орон шүгэл үлээгчийн тухай бие даасан хууль баталсан байна. Ерөнхийдөө шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоотой орнуудын эрх зүйн зохицуулалт нь хоёр үндсэн санааг агуулдаг. Нэгд, идэвх санаачилга гарган байгууллага доторх зүй бус үйлдлийн талаарх мэдээллийг илчлэхийг дэмжих болон боломжийг нэмэгдүүлэх зэргээр байгууллагын соёлыг өөрчлөх, хоёрт, ажилтнууд эрсдэлээс айхгүйгээр зүй бус үйлдлийг илчлэхэд зориулсан үе шаттай хамгаалалт болон урамшууллыг бий болгох явдал.

1778 онд АНУ тэнгисийн цэргийн хүчин дэх хууль бус, авлигын үйлдлийн эсрэг нийтийн ашиг сонирхлыг хамгаалж шүгэл үлээсэн, шүгэл үлээгчдийг хамгаалах зорилгоор Америкийг үндэслэгчид хууль гаргаж байсан нь дэлхийн хамгийн анхны шүгэл үлээгчийн хууль гэж тооцогддог. Европын улс орнуудын хуулийг үлгэр жишээ хууль болгон авч үзэж болно. Азид шүгэл үлээгчийг хамгаалах бие даасан хуультай орнууд цөөнгүй байгаагаас БНСУ 2011 онд Нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээгчийг хамгаалах тухай хууль баталсан. БНСУ-д шүгэл үлээгчийн ил болгож буй мэдээллийг хүлээн авч үүнтэй холбоотой үйл ажиллагаа явуулах эрхийг Авлигын эсрэг иргэний эрхийн комисс хэрэгжүүлдэг. Аливаа этгээд авлигын хэргийн талаарх мэдээллээ уг комисс руу мэдээлж, хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг хүсэх эрхтэй.

-Шүгэл үлээж байсан тохиолдлоос дурдах боломж байна уу?

-Дэлгэрэнгүй кейс олон биш. Гадаад улс орны хувьд нэн түрүүнд Эдвард Сноуденийг нэрлэж болно. Сноуден АНУ-ын тусгай албанд мэдээллийн технологийн техникчийн ажил хийж байхдаа АНУ-ын засаг захиргааны зүгээс олон түмнийг тагнах, мэдээллийг нэгтгэн цуглуулж тусгай мэдээллийн санд хадгалах, чагнах нууц төлөвлөгөөг илчилсэн. Мөн Америкийн иргэн Брадлеи Маннинг мөн шүгэл үлээгч. Маннинг Засгийн газар болоод Батлан хамгаалахын хооронд явагддаг холбооны шугамд ажиллаж байхдаа нууц видео бичлэг, гадаад, дотоодын дипломатуудын утсан яриа, Ирак болон Афганы дайны ажиллагаатай холбоотой нийт 750000 материалыг WikiLeaks сайт руу дамжуулсан байдаг. Эдгээр материал дотор байсан Америкийн цэргийн нисэхийнхний агаараaс хийсэн довтолгооны дүрс байсан бөгөдө олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Aвстралийн сэтгүүлч Жулиан Ассанже бол мөн шүгэл үлээгч. Энэ хүн бол WikiLeaks сайтыг үндэслэгч. Энэ сайт нууц, нэрээ нууцалсан эх сурвалжаас, мөн шүгэл үлээгчдээс ирүүлсэн мэдээллийг нийтэлдэг сайт. WikiLeaks сайт нь саяны ярьсан асуудлыг гаргаж тавьснаараа алдартай болсон. Түүний нийтэлсэн материалуудаас АНУ-ын улс төрийн болон цэрэг, тагнуулын байгууллагын бүх түвшний хээл хахууль, улс төрийн наймаа гэх мэт будилаантай бүх зүйл ил болсон. Шүгэл үлээгчид өөр улсад орогнож, эх орондоо очвол хэрэгт татагдах нөхцөл байдалд байх жишээтэй.

-Танайхаас УИХ-ын даргад хүргүүлсэн хуулийн төслийн нэрнээс харахад нийтийн ашиг сонирхлын төлөө гэж тодотгосон байна, энэ талаар?

-Зүй бус үйлдлийг илчлэхийг дэмждэггүй, эсхүл хамгаалдаггүй орчин нөхцөлд авлигын эрсдэл өндөр, санхүүгийн бусад гэмт хэргийн гаралт нэмэгддэг. Шүглийг ямар байгууллагад хандаж үлээх вэ гэдгийг бусад орны хууль тогтоомж, холбогдох судалгааны бүтээлтэй танилцаад нийтийн ашиг сонирхлын асуудлыг тухайлан авч үзэж, түүнд хамаатай зүй бус үйлдлийг таслан зогсоох, үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах, урамшуулах асуудлыг хуулийн хүрээнд авч үзэх нь жишиг юм байна гэдгийг судлан тогтоогоод зөвхөн авлигын асуудлаар гэж хязгаарлалгүй мөн байгаль орчин, эрүүл мэнд, гэх мэт салбарыг орхигдуулахгүйн үүднээс нийтийн ашиг сонирхлын төлөө гэж тодотгосон. Амин хувийн эрх ашгийн төлөө биш юм.

-УИХ-ын даргын хэвлэлд өгсөн ярианаас зөвхөн авлигын хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл өгөх, шүгэл үлээхтэй холбоотой асуудлыг зохицуулах хууль гарах юм байна гэж ойлгож байсан, тийм биш гэсэн үг үү?

-Тийм биш. Судалгаанаас үзэхэд нийтийн ашиг сонирхлыг хөндсөн, хохироосон болон нийтэд хамаатай хөрөнгө мөнгө завших шамшигдуулах хууль бус үйлдлийг нийтийн дээр гарч суусан эрх мэдэлтнүүд буюу албан тушаалтнууд ихэвчлэн үйлддэг нь нууц биш. Олон нийтэд мэдэгдэхгүй, энэ үйлдлээ нуун дарагдуулахын тулд албан тушаалын байдлаа ашиглах, нийтэд хамаатай хөрөнгө мөнгийг хувааж хүртэх, хээл хахууль өгч, авалцах нөхцөл үүсдэг. Ийм учраас авлигын асуудлыг нийтийн ашиг сонирхлоос ангид авч үзэх боломжгүй. Нөгөө талаас, нийтийн ашиг сонирхлыг хохироосон үйлдлийн талаар нийтийг төлөөлөн дугарах дуу хоолой маш дутмаг байна.

-Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуультай нэгтгээд тодорхой хэдэн зохицуулалт нэмчихбэл болохгүй байсан уу, яагаад заавал тусад нь хууль боловсруулах шаардлагатай вэ?

-Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиар гэмт хэрэг хянан шийдвэрлэх явцад гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, мэдээллээр хангах, дэмжлэг, туслалцаа үзүүлэх харилцааг зохицуулдаг. Нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээгч нь гэрч, эсхүл хохирогч болох нөхцөл үүсэхгүй байж болно. Тиймээс шүгэл үлээгчийг гэрч, хохирогч гэдэг талаас харах нь учир дутагдалтай.

Шүгэл үлээгч нь нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэнтэй нь холбоотойгоор түүнд болон түүний хамаарал бүхий этгээдийн амь нас, эрүүл мэндэд аюул занал учирсан буюу учирч болзошгүй тохиолдолд холбогдох байгууллагад хандаж, хүсэлт гаргасан тохиолдолд Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан хамгаалалтын арга хэмжээ авна. Нөгөө талаас, энд зөвхөн хамгаалалтын асуудал хөндөгдөөгүй, мөн шүгэл үлээгч мэдээллээ яаж өгөх, түүнийг нь байгууллага хэрхэн хянан шалгах, шүгэл үлээгчид олгох мөнгөн шагнал, урамшуулал, нөхөн төлбөр зэрэг асуудал яригдаж байгаа тул Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулаад энэ асуудлыг бүрэн зохицуулах боломжгүй.

-Мэдээлэгчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хянах ажлыг ямар байгууллага гүйцэтгэх вэ?

-Шүгэл үлээгчийн гаргасан мэдээллийг холбогдох байгууллага, албан тушаалтан хүлээн авсны дараа ач холбогдлыг бууруулах, замхруулах, нуун дарагдуулахаас сэргийлэх шаардлага үүснэ. Мөн шүгэл үлээгчийг заналхийлэл, ажлын байрны дарамт шахалтаас хамгаалах арга хэмжээг зохион байгуулах, бусад байгууллагаас шүгэл үлээхтэй холбоотой мэдээллийг байнга авч нэгдсэн бүртгэл хөтлөх зэрэг чиг үүргийг аль нэг байгууллага хариуцан ажиллах нь зохион байгуулалтын хувьд үр дүнтэй. Уг байгууллага нь хараат бус мөрдөн шалгах эрх бүхий байх нь үр дүнтэй болохыг олон улсын зарчмуудад тусгасан байдаг.

-Хамгаалалтын арга хэмжээ, төрлийн хувьд ямар байх ёстой вэ?

-Шүгэл үлээгчийн хамгаалалт гэрч, хохирогчийг хамгаалах арга хэмжээ, төрөл, хэлбэртэй адил. Шүгэл үлээгч хүссэн тохиолдолд дарамт, шахалтаас хамгаалах арга хэмжээ авна. Тухайлбал, хувийн мэдээллийг нууцлах, шүгэл үлээгчийн хувийн аюулгүй байдлыг хамгаалах зэрэг арга хэмжээ авна гэсэн үг. Байгууллага, албан тушаалтанд шүгэл үлээгчийн ажлын байр, аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой дарамт шахалтыг хориглох зохицуулалтыг ч мөн хуульд тусгаж хэрэгжүүлдэг.

-Гэмт хэрэг, зөрчлийн талаар төлбөртэй мэдээлэл авах талаар зарим хуулиудад тусгасан байдаг, энэ асуудлыг хэрхэн зохицуулахаар байгаа вэ?

-Шүгэл үлээгчдийг хамгаалахаас гадна урамшуулах механизмыг бүрдүүлэх нь шүгэл үлээгчдийг идэвхжүүлэх нэг чухал хэрэгсэл гэж үздэг. Тухайлбал, АНУ-д 2017 онд 3,7 тэрбум долларыг шүгэл үлээгчдийн тусламжтайгаар буцаан авч, үүнээс 392 сая доллар буюу 11,5 хувийг урамшуулал болгон, 2018 онд 59 шүгэл үлээгчид 326 сая ам. долларын урамшуулал олгосон байна. Одоо мөрдөж буй гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл төлбөртэй авахаар заасан хуулиудад төлбөрийн хэмжээг хэрхэн тооцох үндэслэл, журмыг тусгаагүй байгаа. Зарим тохиолдолд асуудлыг салбарын сайдын тушаал, Засгийн газрын тогтоолд шууд заан зохицуулж байна. Үүнээс ялгаатай нь нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэнтэй холбогдуулан бий болсон орлого, буруутай этгээдээр төлүүлсэн хохирол, урьдчилан сэргийлсэн нөхцөл байдал, хууль зүйн үр дагаврыг харгалзан мөнгөн шагнал, урамшууллыг хэрхэн тооцож олгох, эдгээрийн хоорондын ялгаа, мөнгөний хэмжээг хуулийн төсөлд тодорхой заах шаардлагатай. Үүнээс хэрэгжилт хамаарна.

-Шүгэл үлээгчид мөнгөн шагнал, урамшуулал, нөхөн төлбөр олгоно гэсэн үг үү, үүний улмаас төсөвт хүндрэл учрах уу?

-Бусад улсын хуульд нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсний үр дүнд захиргааны байгууллагад учирсан хохирлыг буцаан олж авсан, зохих торгууль төлсөн зэрэг тодорхой орлого бий болсон нөхцөлд шүгэл үлээгчид мөнгөн шагнал олгох нь нийтлэг зохицуулалт. Хэрэв ийм ижил төстэй зохицуулалтыг УИХ-аас баталлаа гэхэд мөнгөн шагналын хэмжээг оруулсан орлогын хувиар тооцож олгож болох тул төсөвт хүндрэл учрахгүй гэж тооцож болно. Төсөвт тодорхой мөнгөн дүнгээр орлого ороогүй ч нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээснээр захиргааны байгууллагад хэр хэмжээний хор хохирол учрах байсан, учрах байсан бодит хохирлоос сэргийлсэн, нийтийн ашиг сонирхлыг хохироосон этгээдэд шийтгэл, ял, албадлагын арга хэмжээ оногдуулсан, нийтийн ашиг сонирхлыг хохироох үйлдлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн журам, дүрэм, хууль тогтоомж батлах гэх мэт тогтолцоог сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаанд хувь нэмэр оруулсан зэрэг нөхцөлд урамшуулал олгодог. Мөн ямар асуудлаар шүгэл үлээсэн бэ гэх зэргийг харгалзан урамшууллын хэмжээг тогтоодог. Тухайлбал, БНСУ шүгэл үлээгчид олгож буй урамшуулал 3 тэрбум вон хүртэлх хэмжээтэй.

-Хууль батлагдвал ямар эерэг үр дагаврыг та харж байна вэ, ялангуяа авлигатай тэмцэх үйл ажиллагаанд?

-Транспэрэнси интернэшнл байгууллагаас Ази номхон далайн бүс нутгийн 20 гаруй мянган хүний дунд авлигын талаар судалгаа зохион байгуулж, “авлигын сэрэг иргэд тэмцэх хамгийн үр дүнтэй арга юу вэ” гэсэн асуултад тэдний олонхи нь буюу 22 хувь нь “мэдээлэх”, мөн 21 хувь нь “хахууль өгөхгүй байх” гэж хариулсан байна. Уг судалгаагаар яагаад “мэдээлэх” буюу шүгэл үлээх алхмыг хийгээгүй шалтгааныг топруулахад хамгийн олон буюу судалгаанд оролцсон иргэдийн 36 хувь нь, манай улсаас судалгаанд оролцсон иргэдийн мөн хамгийн олон буюу 22 хувь, “үр дагавраас айдаг” гэж хариулсан байдаг. Олон улсын байгууллагуудаас зохион байгуулсан судалгааны дүнгээр нийт үйлдэгдсэн авлигын тохиолдлын 10 хүрэхгүй хувь нь мэдээлэгддэг гэсэн тооцоо гарсан байдаг.

Нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээгчийг хамгаалах тухай хууль батлагдвал шүгэл үлээх нь нийтийн ашиг сонирхлыг хохироохоос урьдчилан сэргийлэх, авлигатай тэмцэх үр нөлөөтэй хэрэгсэл болж, хүний үг хэлэх эрх чөлөө, мэдээлэл авах эрхийг хангахад эергээр нөлөөлж, иргэдийн эрх зүйн ухамсар, хариуцлага дээшилнэ. Зөвхөн эрх зүйн орчин бүрдүүлэх, соёлыг тогтоохыг чухалчлахаас гадна хууль сахиулах байгууллагад итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллах шаардлагатай. Тэгэхгүй бол хуультай байгаад ч, шүгэл үлээхгүй байх магадлалтай. Нөгөө талаас иргэдэд эрх зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, асуудал хариуцсан албан хаагчийг чадавхжуулах зэрэг ажлыг цогцоор нь хэрэгжүүлж байж үр дүн гарна.

Т.САЙХАН

“Зууны мэдээ” сонин

2020.5.15. № 96 (6321)

 

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us