Dec 08, 2021         5

“Авлигын эсрэг үндэсний чуулган-2021” арга хэмжээ зохион байгуулав

iaac

НҮБ-аас зарласан авлигын эсрэг олон улсын өдрийг энэ жил дэлхий нийтээр “Таны эрх-Таны оролцоо; Авлигад үгүй гэж хэлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Монгол Улсын Авлигатай тэмцэх газар энэ өдөр “Авлигын эсрэг үндэсний чуулган-2021” арга хэмжээг зохион байгууллаа. Авлигын эсрэг үндэсний чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагууд, яам, агентлаг, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Дэлхийн банк, Дэлхийн банк болон НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба, “Транспэрэнси Интернэшнл” зэрэг олон улсын байгууллагууд, хувийн хэвшил, төрийн бус байгууллага болон хэвлэл мэдээлэл, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, гадаадын зочид төлөөлөгчид оролцож, санал бодлоо солилцов.

Үндэсний чуулганы нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн илгээлтийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар уншиж танилцуулав. Ерөнхийлөгч илгээлтдээ “Бид авлигын эсрэг тэмцлийг цаг алдалгүй эрчимжүүлж чадвал хууль хүн бүрд тэгш үйлчилдэггүй, нийгмийн баялгаас нэг хэсэг нь хулгайлдаг, ирээдүй хойч үеийнхээ олон боломжийг үгүйсгэх, улмаар энэ байдал даамжирвал цаашид эдийн засгийн тусгаар тогтнолоо алдахыг ч үгүйсгэх аргагүй. Авлига нь Монгол хүнийг, Монгол төрийг, Монгол Улсыг сулруулах аюул занал мөн гэдгийг бид үргэлж санаж, түүнтэй эрс шийдэмгий, системтэй тэмцэх шаардлагатай. Авлигатай тэмцэх нь хүний амьсгалах агаар мэт өдөр тутмын нэн хэрэгцээ шаардлага болж байнга тэмцэж байх үйл явц юм. Монголын төрд зүтгэж буй хүн бүр чигч шударгаар ажиллаж чадвал авлигатай хийх тэмцлийн бодит үр дүн болно. Төрийн тэргүүний хувьд авлигатай тэмцэх бүх нийтийн үйл хэрэгт манлайлан оролцох нь зүй ёсны хэрэг бөгөөд Монгол төр, хууль ёсоо дээдлэн, төрийн албан хаагчид нь хуульд захирагддаг, хуулийг хэрэгжүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр ажилладаг байсан цагт сая шударга журмыг сахиулах, иргэд хуулийг дээдэлдэг болох учиртай. Ард түмний эв нэгдэл, нийгмийн тогтвортой байдал шударга ёс дээр тогтдог тул чуулганд оролцогч та бүхэн бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар цахимаар оролцож үг хэлэхдээ “Улс орны аюулгүй байдалд заналхийлж ардчилсан тогтолцоо, үнэт зүйлсийг доройтуулан хөгжлийг сааруулж төрд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулагч энэ хорт үзэгдэлтэй бүх нийтээрээ тэмцэх итгэл үнэмшил, оролцоо дэмжлэг хяналтыг нийт нийгэмд бий болгох нь чухал байна. Авлигын барьцааг иргэд ирээдүйгээрээ, улс орон хөгжил дэвшлийн боломжоороо төлдөг гэдгийг мартаж болохгүй. Манай улсад улс төрийн авлигын түвшин олигтой буурахгүй, авлигын байдлыг хүн амын тоонд харьцуулсан судалгаагаар дээгүүр байрт жагссан хэвээрээ байна. “Транспэрэнси интернэшнл” олон улсын байгууллагаас жил бүр гаргадаг авлигын төсөөллийн индекст ахиц дэвшил гарахгүй байна. Монгол Улсад авлигыг үл тэвчих үзэл бодол, үйл ажиллагаа нийт нийгмийг хамран өрнөж, дүнд нь авлига хумигдаж, эрүүл шударга нийгмийг цогцлоох замдаа орсон гэсэн дүгнэлт гарах тэр өдрийн төлөө бодит тэмцэл өрнүүлэх, улам эрчимжүүлэх цаг ирсэн байна. Иймээс авлигатай хийх тэмцлийг бүх шатанд идэвхтэй өрнүүлж, төрийг авлигаас бүрэн ангид байлгах, бизнесийн болон өрсөлдөөний шударга орчинг бүрдүүлэх, авлигачдад хуулийн дарангуйлал тогтоох, улмаар олон нийтийн төрд итгэх итгэлийг сэргээхийн төлөө чин шударгаар хамтран зүтгэхийг та бүхэндээ уриалъя” гэлээ.

Манай улсын хувьд авлигын төсөөллийн индексээр сүүлийн хоёр жилд 35 оноо авч, дэлхийд 111-т эрэмбэлэгдэж байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлоод авлига, төрийн хүнд суртал хөгжлийг боомилогч үндсэн хүчин зүйл болоод байна гэлээ. Тэрээр “Авлига, хүнд суртал иргэдэд үйлчлэх учиртай төрийн гол чиг үүргийг хөсөрдүүлж, эдийн засгийн цусны эргэлтийг гацааж, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг үргээж, төрд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулж байна. Авлигатай хийх бидний тэмцэл зөвхөн авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдээр хязгаарлагдахгүй, харин түүнийг ургуулж буй хөрс суурь, нөхцөлдүүлэгч хүчин зүйлсийг устгахад чиглэнэ. Тиймээс авлига, албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгаж, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн албан тушаалтнуудыг цаашид төрд ажиллуулахгүй байх эрх зүйн зохицуулалт хийнэ. Мөн төрийн албан хаагчдын орлогоосоо давсан тансаг хэрэглээнд хяналт тавина. Хөрөнгө орлогын мэдүүлгийг татвар төлөлттэй уялдуулан шинэчлэх ёстой” гэв.

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа чуулганыг нээж хэлсэн үгэндээ авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагааны чанар сайжирч, нийт шалгасан хэргийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгааг онцлов. Тухайлбал 2007-2016 онд жилд дунджаар 200 орчим хэрэг шалгаж байсан бол сүүлийн гурван жилд энэ тоо 1300 хүрч даруй 6.5 дахин өссөн байна. Шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн хэргийн тоо болон хохирол нөхөн төлүүлэх байдалд ч мөн эрс өөрчлөлт гарчээ. Тодруулбал 2019 онд 11.3, 2020 онд 35.6, 2021 онд 96.2 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлээд байна. Гэсэн хэдий ч авлигатай тэмцэх ажлыг улам эрчимжүүлэх шаардлагатайг олон улсын болон дотоодын судалгааны дүн харуулсаар байгаа юм. Авлигын индексийг бууруулахад иргэн, төр, иргэний нийгэм, хувийн хэвшил болон бусад байгууллагуудын идэвх оролцоо, дэмжлэг, хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатайг албаныхан хэлж байлаа. Энэ хүрээнд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай, Улс төрийн намын тухай зэрэг хуульд өөрчлөлт оруулахаар болсныг төр, засгийн байгууллагын төлөөлөгчид онцлон ярьж байлаа. Тухайлбал, 2024 он гэхэд бизнес эрхлэхэд төрийн байгууллагаас шаарддаг 1000 гаруй зөвшөөрөл, техникийн нөхцөл, гарын үсэг, гэрээний тоог 50 хувиар бууруулан, хүний хүчин зүйлийг багасгаж, И-Монгол системээс авдаг болохоор ажиллаж байгааг хэллээ.

“Авлигын эсрэг үндэсний чуулган-2021” арга хэмжээ “Авлигатай тэмцэх эрх зүйн орчин, хуулийн байгууллагуудын хамтын ажиллагаа”, “Авлигатай тэмцэхэд хэвлэл мэдээллийн болон иргэний нийгмийн байгууллагын үүрэг, оролцоо”, “Төрийн албаны шударга, ил тод байдлыг бэхжүүлэхэд анхаарах асуудал”, “Хувийн хэвшил ба шударга өрсөлдөөн” гэсэн 4 салбар хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Улсын Их Хурлын гишүүн, Авлигын эсрэг парламентын бүлгийн гишүүн Ц.Мөнхцэцэг “30 жилийн хугацаанд улс төрийн шинэчлэл хамгийн бага хийсэн, эрх зүйн зохицуулалт нь хамгийн хоцрогдсон салбар бол улс төрийн намын санхүүжилт, намын тогтолцоо юм. Намд олгож байгаа төсөв санхүүгийн зарцуулалт тодорхой бус, олон нийтэд тайлагнадаггүй тул санхүүжилтийн хяналт, ил тод байдал, тайлагналыг сайжруулахад анхаарах шаардлагатай гэсэн зөвлөмжийг дотоодын болон олон улсын судалгааны байгууллагууд өгсөн. Манай улсын авлигын индексийг хойш нь чирж байгаа асуудал нь намын санхүүжилт юм. Тиймээс Улс төрийн намын хуулийн 60 орчим хувь нь санхүүжилтын асуудлыг хөндөж байгаа. Бид улс төрийн  намын санхүүжилтийг цэгцэлж чадвал Монгол Улсын авлигын индекс буурах, улс төр дэх хөрөнгө мөнгөний нөлөөг багасгах, ил тод байдлыг нэмэгдүүлэхэд томоохон алхам болно” гэж илтгэлдээ дурдлаа.

Улсын дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр “Авлигын гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа таван жил байгаа нь маш бага” байгааг онцлоод “Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимаас энэ оны аравдугаар сард АТГ-аас манайд шилжүүлсэн хэргийн шийдвэрлэлтийн талаар судалгаа хийсэн. Сүүлийн гурван жилд буюу 2019-2021 онд манайд 55 хэрэг ирсэн. Үүний 66 хувь нь Улсын дээд шүүхэд ирээд гэм буруутайд тооцоод ял шийтгэлээ эдлээд явж байна. Харин 17-18 хувь нь Анхан болон Давж заалдах шатны шүүхүүд рүү буцаагдсан.  Мөрдөн байцаалт, прокурорт буцсан хэрэг 12 хувийг эзэлж байна. Үүнд бид анхаарч, судалгаагаа төвлөрүүлж, учир шалтгаан нь юу байна гэдгийг судалсан. Энэ 12 хувийг эзэлж байгаа хэрэг дотроос найман хувь нь шүүгдэгчийн эрхийг хязгаарласан, зөрчсөн байна. Дөрөв орчим хувийн хэрэг нь эцэслэгдэн шийдвэрлэгдсэн боловч хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлаар ял шийтгэлгүй үлддэг асуудал бий. Авлигын гэмт хэргийн хамгийн хүндрүүлсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа таван жил байгаа нь маш бага. Авлигын гэмт хэрэг бусад гэмт хэрэгтэй харьцуулахад илрүүлэх хугацаа удаан. Энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа дуусдаг ноцтой эрсдэл байдаг” гэж ярилаа.

Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат “Гэмт хэргийн улмаас хууль бусаар олсон эд хөрөнгө бэлэн ба бэлэн бус олон янз. Ялангуяа авлигын гэмт хэрэгт банк, томоохон ААН, орд газрын хувь эзэмших эрх бэлгэнд авах, түүнийгээ бусдын нэр дээр шилжүүлж, уг олсон эрхээр дамжуулж ашиг олох, эсвэл хувьцаагаа бусдаар дамжуулан заруулан оффшор дансанд байрлуулах, өөрийн гэр бүл, хамаатан садны нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө, хувьцаа лиценз худалдан авах зэргээр авлигын хэлбэр дүрсийг хувиргах ажиллагаа ихэвчлэн зохион байгуулалттай үйлдэгддэг.  Авлигыг бууруулахын тулд нэгдүгээрт, прокуроруудыг мэргэшүүлэх, хоёрдугаарт, мөрдөн шалгах ажиллагааны чанарыг  дээшлүүлэх, хэргийг аль болох богино хугацаанд бүх талаас нь бүрэн гүйцэд шийдвэрлэх нь чухал юм. Мөн гэмт хэргийн улмаас хохирсон хохирлыг зөв тооцож мэдээлэх ёстой” гэж байр сууриа илэрхийлэв.

Авлигын асуудлаар нийгмийн салбар бүрийн төлөөлөл өнөөгийн нөхцөлд тулгамдсан асуудлуудаа тал бүрээс ярилцаж, нэгдсэн шийдэл, бодит үр дүнд хүрэх шаардлагатай. Үүний тулд бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдын хүсэл зоригийг сонсож, цаашид шийдвэрлэх асуудлаа тодорхойлон саналаа нэгтгэж, судлаач эрдэмтдийн санал дүгнэлтийг хэлэлцэн, олон улсын тавцанд үндэсний үүрэг хариуцлагаа харуулсан түүхэн бололцоог энэхүү Үндэсний чуулган олгов.

Үндэсний чуулганаас гаргах Зөвлөмжийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэхээр бэлтгэж байна.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us