Оюутнуудын дунд шилдэг илтгэлийн уралдаан зарлалаа /2009.11.04/
Авлигатай тэмцэх газар, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран их, дээд сургууль, коллежийн оюутнуудын дунд шилдэг илтгэлийн уралдаан зарлалаа.
Оюутнууд шударга ёсыг тогтоох, бэхжүүлэх, хангах, шударга бус байдалтай тэмцэх, шударга ёсыг тогтооход төр, засаг, иргэний нийгэм болон бусад этгээдийн оролцоог тодорхойлох, шударга ёсны зарчмыг дэлгэрүүлэх, шударга ёсны шалгуур үзүүлэлтүүдийг бий болгох, шударга ёсыг эрхэмлэх үзлийг төлөвшүүлэх ерөнхий сэдвийн хүрээнд илтгэл бичиж, арваннэгдүгээр сарын 31-ний өдрийг дуустал Авлигатай тэмцэх газарт ирүүлэх юм байна. Оюутнуудын эрдэм шинжилгээний ажлыг урамшуулах үүднээс уралдааны шагналын санд зөөврийн компьютер, дижитал аппарат багтаажээ.
Ирэх сарын 9-нд болох Авлигын эсрэг дэлхий нийтийн өдрийг угтан зохион байгуулж буй уралдаанд ирүүлсэн илтгэлүүдээс сонгож, шилдэг 10-ыг нь оюутнуудын дунд хэлэлцүүлэн, шалгаруулах ажээ. Уралдааны тухай дэлгэрэнгүй мэдээллийг Авлигатай тэмцэх газрын www.iaac.mn вэб сайтаас үзэж болох юм байна.