Дэлхийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Андрей Михневийг хүлээн авч уулзан, байгууллагын үйл ажиллагааг танилцуулан, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Уулзалтын үеэр Тэргүүн комиссар З.Дашдаваа байгууллагын үйл ажиллагаа, Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийн систем, авлигын нөхцөл байдал, богино болон урт хугацаанд хийхээр төлөвлөсөн ажлуудыг танилцуулав. Суурин төлөөлөгч Андрей Михнев Дэлхийн банк Монгол Улсад 30 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй ойн жилд хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлэн, Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа, өнгөрсөн хугацаанд авлигын гэмт хэргийн шийдвэрлэлтийн чиглэлээр хүрсэн үр дүнг өндрөөр үнэлж, цаашид авлигатай тэмцэхэд өргөн хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийлэв.
Авлигатай тэмцэх газар нь Дэлхийн банкны санхүүжилтээр 2010 оноос ХАСХОМ-ийг цахим системд шилжүүлэх програм болон техник хангамжийн бэлтгэл ажлыг эхлүүлж, 2012 оноос хойш үр дүнтэй хэрэгжүүлэн ажиллаж байна. ХАСХОМ бүртгэх, ил тод болгох, хянан шалгах нь ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үндэслэлгүйгээр хөрөнгөжих явдлыг илрүүлэх, нийтийн албанд шударга, хариуцлагатай байдлыг бэхжүүлэх, олон нийтийн хяналтыг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой юм. Иймд энэ оноос Дэлхийн банк болон Монгол Улсын Засгийн газар хоорондын Ухаалаг засаг төслийн хүрээнд тус байгууллагын Мэдүүлгийн бүрдүүлэлт, хяналтын цахим системийг сайжруулахаар шийдвэрлэн, хамтран ажиллаж эхлээд байна.